Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР НҮБ-ЫН АНДЭЗНК-ООС ЗОХИОН БАЙГУУЛСАН “НҮБ-ЫН ӨДӨР” ТЭМДЭГЛЭЛТ ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР НҮБ-ЫН АНДЭЗНК-ООС ЗОХИОН БАЙГУУЛСАН “НҮБ-ЫН ӨДӨР” ТЭМДЭГЛЭЛТ ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан “НҮБ-ын өдөр” цахим арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцож,  мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү тэмдэглэлт ойн арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана болон зарим орны Гадаад хэргийн сайд нар оролцож, дэлхийн өнцөг булан бүрт эдийн засаг, нийгмийн хөгжлийг цогцлоохын төлөөх энх тайван, аюулгүй байдлыг хангахад НҮБ-ын хувь нэмрийг онцоллоо.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр хэлсэн үгэндээ НҮБ болон түүний салбар байгууллагууд, тэр дундаа Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутагт тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн чухал сорилтуудыг шийдвэрлэх, нийтлэг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлоод Монгол Улс АНДЭЗНК-той худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг  тэмдэглэв.

Энэ онд Нэгдсэн Үндэстний Байгууллага байгуулагдсаны 75 жилийн ой, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой тохиож байгаа юм.