Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ЗУУНЫ ТҮҮХ-ЗУУН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ “ЗУУНЫ ТҮҮХ-ЗУУН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монголын уран зургийн галерейд нээгдсэн “Зууны түүх-зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцож, үг хэлэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд хэлсэн үгэндээ дипломат харилцаа тогтоосноос хойших 100 жил нь Монгол, Орос хоёр ард түмэн өнө эртнээс хил залган оршиж, өргөн хүрээнд харилцаж байсан түүхийн богинохон нэг хэсэг хэдий ч хоёр улс бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан зөвшөөрч, олон улсын харилцааны шинэ зарчим, хэм хэмжээг баримтлан эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлсэн үе байснаараа онцлог болохыг тэмдэглэж, эдүгээ Монгол, Оросын хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны үзэл санааны дагуу нийгмийн харилцааны бүхий л салбарыг хамран амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тэрээр түүнчлэн дипломат харилцаа тогтоосны ойг хоёр тал өргөн хүрээнд тэмдэглэж байгаа нь хоёр улсын харилцааны бахдам түүхийг бүтээсэн ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх, хойч үеийн хүүхэд залуучуудад уламжлуулан, харилцааны цаашдын хөгжлийн суурийг улам батжуулах зорилготой гэдгийг тэмдэглэж, “Зууны түүх-зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэнд тавигдсан хоёр улсын харилцааны хөгжил, өрнөлийг харуулсан олон сайхан зургуудтай танилцсанаар залуу үе маань хоёр улсын ахмад үеийнхний хичээл зүтгэл, хөдөлмөр, эр зоригийн дүнд  бий болсон хамтын түүхийн талаар илүү гүнзгий ойлголттой болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга Б.Энх-Амгалан болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов нарын хүндэт зочид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй уг гэрэл зургийн үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлэг, Гадаад харилцааны яам, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Оросын шинжлэх ухаан, соёлын төв зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.