Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Украины Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хоёр улсын Гадаад харилцааны яам, ДТГ-уудын дэмжлэгтэйгээр “Хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломж, хэтийн төлөв” сэдэвт Монгол-Украины цахим бизнес уулзалтыг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Украин Улсад суугаа (Варшаваас хавсран суугаа) Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Бархасын Дорж, Украины хэргийг түр хамаарагч Жанна Лещинская, хоёр улсын ГХЯ-ны улс төр, эдийн засгийн асуудал хариуцсан зарим нэгжийн удирдлагууд болон Украин, Монголын хөдөө аж ахуй, хүнс, барилга, эрчим хүчний компаниудын төлөөлөл нийт 40 гаруй хүн оролцов. Украин дахь Өргөмжит консул Э.Рубан энэхүү уулзалтыг санаачилж, хүчин зүтгэл гарган оролцлоо.
Элчин сайд Б.Дорж дээрх уулзалтад хэлсэн үгэндээ хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцааны хөгжилд хоёр талын улс төрийн харилцаа, түүний идэвхжил чухал үр нөлөөтэйг онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлагатай байгааг талууд онцолсон бөгөөд эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөдөө аж ахуй, хүнс, чихрийн бүтээгдэхүүн, эм зэрэг Монгол, Украины компаниудын сонирхол татсан асуудлууд, харилцан ашигтай хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов. Хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд хоёр улсын Дипломат төлөөлөгчийн газруудын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлээд, цаашид салбарын уулзалтуудыг илүү өргөн хүрээтэй зохион байгуулахаар тохиролцлоо.