Монгол, Эстонийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Чойжин ламын сүм музейн “Мандала-нууц тарнийн сүм” үзэсгэлэнг Эстонийн Тарту хотноо 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд гаргаж байна. Уг үзэсгэлэнг Монгол Улсаас Эстони Улсыг хавсран суугаа Элчин сайдын яам Эстонийн хамгийн том их сургууль болох Тарту их сургууль, Чойжин ламын музей, Дорно дахин судлалын төв, Ориент Эстони төвтэй хамтран Тартугийн Үндэсний музейд зохион байгуулж, нээлтийг 10 дугаар сарын 20-ны өдөр хийв.
Монгол Улсаас Эстони Улсыг хавсран суугаа Элчин сайд Т.Жанабазар, Тарту их сургуулийн Ректор Томас Ассер нар үзэсгэлэнг нээж үг хэлэв. Арга хэмжээнд Эстонийн Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Мати Мурд, Эстони дахь Монгол Улсын Өргөмжит консул Лийзи Каринди, Эстонийн Цахим засаглалын академийн захирал Ханнес Асток нарын албаны хүмүүсээс гадна монгол судлаачид оролцов.
Энэ үеэр Дорно дахин судлалын төвийн судлаач Март Лаанемец “Буддын урлагийн бэлгэ тэмдэг”, Швейцарийн Бернийн их сургуулийн Шашин судлалын хүрээлэнгийн доктор Б.Мөнгөнчимэг “Цам бүжгийн шинэ уламжлал” сэдвээр тус тус илтгэл тавьж, Эстонийн урлаг судлаач, Ориент Эстони төвийн захирал Петер Ваахи өөрийн бүтээсэн “Чингис хааны нутгаар” баримтат киног толилуулав.
Монгол, Эстонийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд талууд чухал ач холбогдол өгч, хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалтыг энэ оны 9 дүгээр сард НҮБ-ын 76 дугаар Ерөнхий Ассамблейн үеэр, Парламентын найрамдлын бүлэг хоорондын уулзалтыг өнгөрсөн 5 дугаар сард, Гадаад харилцааны яамд хоорондын Зөвлөлдөх уулзалтыг өнгөрсөн 7 дугаар сард тус тус зохион байгуулсан юм.