ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөл, Тусгаар улсуудын Хамтын Нөхөрлөлийн гишүүн орнуудын Парламент хоорондын Ассамблей хамтран зохион байгуулсан Евразийн эмэгтэйчүүдийн ээлжит 3 дугаар чуулга уулзалт “Эмэгтэйчүүд: Шинэ нөхцөл байдалд гүйцэтгэх үүрэг” сэдвийн доор 2021 оны 10 дугааар сарын 13-15-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотын Таврический ордны Думын танхимд болов.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын Парламентын бүлгийн дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганцэцэг нар Евразийн эмэгтэйчүүдийн 3 дугаар чуулга уулзалтад оролцлоо. Төлөөлөгчдийг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Р.Бизьяа дагалдан ажиллав.
УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Оросын Парламентын бүлгийн дарга С.Одонтуяа 10 дугаар сарын 13-ны өдөр болсон хуралдаанд “Ковид-19” цар тахлын нөхцөл дэх нийгмийн өөрчлөлт хөгжилтөд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавив.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин чуулга уулзалтын 2 дахь өдөр болсон нэгдсэн хуралдааны нээлтэд биечлэн оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Нэгдсэн хуралдааныг Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Косачев удирдсан бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгааг тэмдэглээд “Парламентын эмэгтэй гишүүдийн гол үүрэг зорилт нь энх тайван, итгэлцлийг бий болгох, хүний эрүүл мэнд, дэлхийн уур амьсгалыг хамгаалах, эдийн засаг, цахимчлалыг хөгжүүлэх, нийгмийн өмнө тулгамдсан өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэхэд хамтын хүчин чармайлтыг хууль тогтоох түвшинд уялдуулан зохицуулах явдал юм. Улс орнуудын нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай байгаа бөгөөд эмэгтэйчүүд карьераа хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй” гэж онцлон тэмдэглэв.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 10 дугаар сарын 14-ний өдөр болсон нэгдсэн хуралдаанд мөн үг хэлж оролцов.
Энэ удаагийн чуулга уулзалтад Төв Америкийн Парламентын дарга Фанни Каролина Салинас Фернандез, Европын Зөвлөлийн Парламентын Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Деспина Хадзивасилиу-Цовилис, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн дэд дарга Пиа Лииза Каума, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын удирдах захирал Фату Хайдара, Либер Улсын Дэд Ерөнхийлөгч, Азербайджан, Бангладеш, Габон, Зимбабве, Мозамбик, Беларусь, Руанда, Узбекистан, Чили, Эсватини, Өмнөд Африк улсын Парламентын дарга зэрэг өндөр албан тушаалтнууд болон гадаад орнуудаас ОХУ-д суугаа 7 Элчин сайд оролцсон байна.