Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд, Ромд төвтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж энэ 10 дугаар сарын 12-ны өдөр тус байгууллагын Ерөнхий захирлын орлогч Лаурант Томастай үдэлтийн уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ-ын хоорондын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ-ын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд хүнс, шимт тэжээлийн аюулгүй байдлыг хангах, эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой хүрээнд хөдөө аж ахуй, мал аж ахуй, ой, загасны аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө, орон нутаг дахь хүн амын гамшиг, хямралыг даван туулах чадавхыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн 2026 оныг “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил” болгон зарлах тухай санаачлагыг батлуулах явцад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын мал аж ахуй судлалын хүрээлэн, уг санаачлагын асуудлаар байгуулагдсан Үндэсний хороотой хамтран ажиллаж дэмжүүлсэнд сэтгэл хангалуун байгаагаа Элчин сайд Ц.Жамбалдорж тэмдэглэв. Энэхүү санаачилга нь Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйг сурталчлах, малаас авах ашиг шимийг сайжруулах, бэлчээрийн доройтлыг сайжруулах зэрэг бодит арга хэмжээг зохион байгуулах ач холбогдолтой юм.
Элчин сайд, Ерөнхий захирлын орлогч нар уулзалтынхаа үеэр Монгол Улс хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж буй талаар ярилцав.