Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ ӨЛЗИЙ, СЭХЭЭ БООМТОД АЖИЛЛАЖ, БАЯННУУР ХОТЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ ӨЛЗИЙ, СЭХЭЭ БООМТОД АЖИЛЛАЖ, БАЯННУУР ХОТЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал 2021 оны 10 дугаар сарын 11-14-ний хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-д томилолтоор ажиллаж байгаа хугацаандаа 2021 оны 10 дугаар сарын 12-13-ны өдөр Өлзий, Сэхээ боомтын үйл ажиллагаатай танилцав.

Энэ үеэр Альшаа аймгийн дэд дарга Цэцэн болон Өлзий, Сэхээ боомтын холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, Шивээхүрэн-Сэхээ боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх боломж, коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хоёр талын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвхи, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов.

Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.

Сэхээ боомтын дарга Мөрөн Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, нүүрсний худалдааны хэмжээг нэмэгдүүлэх,  мах махан бүтээгдэхүүн импортоор авах болон цар тахлаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг сайжруулах зэрэг асуудлаар саналаа танилцуулсан байна.

Элчин сайд Т.Бадрал 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ӨМӨЗО-ны Баяннуур хотын орлогч дарга Юй Ли-Инь уулзаж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж, арга замын талаар харилцан санал солилцов. Энэхүү уулзалтын үр дүнд Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх тээврийн автомашины жолоочийн өгсөн нэг удаагийн шинжилгээг үндэслэн өдөрт 2 удаа тээвэр хийлгэхээр тохиролцсон бөгөөд ингэснээр эхний ээлжинд туршилт хийн амжилттай болсон нөхцөлд Ганцмод боомтод нэг өдөрт шинжилгээ өгөх монгол жолоочийн тоог 280-аас 360-д хүргэх, улмаар өдөрт нүүрс тээвэрлэх автомашины тоог 700 хүргэх боломж бүрдэх юм.