Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Т. Жанабазар 10 дугаар сарын 14-ний өдөр Швед дэх Свен Хэдин сангийн тэргүүн Хоокан Валквисттай уулзаж, цаашид хамтран ажиллах асуудлаар ярилцав.
Уулзалтын үеэр Свен Хэдинийн цуглуулга дахь эд зүйлсийг олон нийтэд танилцуулах, цахим хэлбэрт шилжүүлэн нийтийн хүртээл болгох, 2024 онд тохиох Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хамтарсан үзэсгэлэн гаргах, Свен Хэдинийн монгол нутагаас авсан гэрэл зургуудын цуглуулгыг олон нийтэд танилцуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов. Сангийн тэргүүн Хоокан Валквист Шведийн Угсаатны зүйн музей болон Дорно дахины эртний эдлэлийн музей дэх Монгол үндэстний холбогдолтой зарим нэг сонирхолтой эд өлгийн зүйлийн талаар дурдаж, цаашид Монголчуудтай холбоотой эд зүйлсийг олон нийтэд хүргэх талаар холбогдох яамд болон мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал тул ЭСЯ-ны санаачилгыг дэмжиж ажиллах болно гэв.
Свен Хэдин нь 1920-1930-аад оны хооронд Монгол орныг сонирхон судалж, судалгааны баг ажиллуулж, монголын түүх, соёл, урлаг, өдөр тутмын аж амьдралтай холбоотой гэрэл зураг, бичлэг, эд зүйлсийг цуглуулж, олон тооны ном бүтээсэн нэр хүндтэй Ази судлаач бөгөөд Швед Улсад хадгалагдаж буй монголын түүх соёлын холбогдолтой эд зүйлсийн дийлэнхийг түүний цуглуулга эзэлдэг байна.