1724 онд байгуулагдсан Оросын анхны их сургууль-Санкт-Петербургийн Улсын их сургуульд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон гардуулах ёслолын арга хэмжээ 10 дугаар сарын 12-ний өдөр тус сургуулийн Петровский танхимд боллоо.
Санкт-Петербург хотод маргааш нээгдэх Евразийн эмэгтэйчүүдийн 3 дугаар чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн УИХ-ын дэд дарга, тус сургуулийн 1988 оны төгсөгч Салдангийн Одонтуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнуулсан Санкт-Петербургийн Улсын их сургуулийн туганд монгол төрийн одонг хүндэтгэлтэй зүүж өгч, сургуулийн эрдмийн хамт олонд баяр хүргэлээ. Тэрбээр энд хэлсэн үгэндээ 1950-иад оноос хойш Санкт-Петербургийн Улсын их сургуульд нийтдээ 250 орчим монгол иргэн бакалавр, магистр, дэд эрдэмтэн болон докторын зэргээр суралцаж, өндөр боловсрол эзэмшин янз бүрийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсаар ирсэнд талархаж байдгаа дурдаад Европ дахь монгол судлалын хүлээн зөвшөөрөгдсөн төв-Санкт-Петербургийн Улсын их сургуулийг Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоор монгол төрийн дээд шагналаар шагнасан нь гүн агуулгатай, сайхан үйл явдал болж байна гэлээ. Мөн уг сургуулийг төгссөн Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж нар мэндчилгээ илгээснийг сонордуулж, сургуулийн Монгол хэлний тэнхимийн номын санд илгээсэн номуудыг хүлээлгэн өглөө.
Санкт-Петербургийн Улсын их сургуулийн ректор Н.М.Кропачев хариу талархал дэвшүүлж, Монгол Улс, тус сургуулийн хоорондын бүтээлч хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.