Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВЛАДИМИР МАКЕЙТАЙ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВЛАДИМИР МАКЕЙТАЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ Беларусь Улсын Гадаад хэргийн сайд Владимир Макейтай хоёр талын уулзалт хийв.

Сайд Б.Батцэцэг Монгол, Беларусийн харилцааг өргөжүүлэхэд Монгол Улсын төр засаг анхаарч байгааг илэрхийлээд саяхан тус улсад суух манай Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Беларусь Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьж, ажилдаа ороод байгааг дурдав.

Сайд В.Макей Монгол Улс Беларусь Улсад Элчин сайдын яамаа нээсэнд баяртай байгаагаа илэрхийлж цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлэхийн сацуу боловсролын салбарт хамтран ажиллах, монгол оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломж байгааг дурдав. Хоёр тал улс төрийн харилцааг бэхжүүлж, дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, зам тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй хөдөө аж ахуй, зам тээврийн салбарын төслүүдэд цаашид ч анхаарал хандуулж ажиллахаа нотлов.

Монгол, Беларусийн хооронд 1992 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Ирэх 2022 онд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох тул ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах арга хэмжээний талаар мөн санал солилцов.