Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“БИЗНЕСИЙН САЛБАРТ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ТӨВИЙН БҮСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“БИЗНЕСИЙН САЛБАРТ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ТӨВИЙН БҮСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Гадаад харилцааны яам Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төсөлтэй хамтран “Бизнесийн салбарт хүний эрхийг хангах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэт хотод зохион байгуулав. Энэ арга хэмжээг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нээж, НҮБ-аас 2011 онд гаргасан хүний эрхийг хүндэтгэсэн хариуцлагатай бизнесийг дэмжин төлөвшүүлэх тухай суурь зарчим болох “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим”-ыг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулав.

Хэлэлцүүлэгт Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл биечлэн болон цахимаар оролцож, орон нутагт тулгарч буй бизнес ба хүний эрхийн асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцүүлэг маргааш төрийн болон төрийн бус байгууллагын зөвлөгөөнөөр үргэлжилнэ.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015 онд Монгол Улс дахь хүний эрхийн хоёр дахь удаагийн тайланг хэлэлцэж, 150 зөвлөмж өгсний дотор НҮБ-аас 2011 онд гаргасан “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх, энэ зорилгоор үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлах”-ыг уриалсан зөвлөмж багтсан.

Засгийн газар 2016 онд 204 дүгээр тогтоолоороо Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах бодлогын шийдвэр гаргасан. Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг Гадаад харилцааны яам ахлан ажиллаж байгаа ба холбогдох талуудтай хамтран хувийн хэвшил, иргэний нийгмийн болон бусад сэдэвчилсэн салбар хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж байна. Эдгээр салбар хэлэлцүүлгээс гарах санал, зөвлөмжид тулгуурлан суурь үнэлгээний дүнг эцэслэж, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах юм.