Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой 10 дугаар сарын 8-ны өдөр цахимаар уулзаж, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов.
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцид нэгдэн орсноос хойш цөлжилтийг бууруулах чиглэлд идэвхтэй ажиллаж, 2015 оноос газрын доройтлыг тэглэх зорилгыг хангах үндэсний зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж буйг дэд сайд Б.Мөнхжин онцлов. Мод тарих нь цөлжилтийг бууруулах чухал арга зам болохыг дэд сайд тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхийлөгч “Нэг тэрбум мод” тарих санаачлага дэвшүүлснийг танилцууллаа. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн энэхүү санаачилга нь газрын доройтлыг тэглэх үндэсний зорилтын хэрэгжилтэд чухал хувь нэмэр болохыг мөн онцлов.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд Монгол Улсын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг дэмжиж буйгаа НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга И.Тио онцлон тэмдэглэсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нэг тэрбум мод” тарих санаачилга нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд чухал хувь нэмэр болно хэмээн үзэж байгаагаа Гүйцэтгэх нарийн бичгийн дарга илэрхийлэв.