НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ (UNSDCF)-г боловсруулах эхлэлийн тайлан буюу төлөвлөгөөг танилцуулах зорилготой Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны зургаадугаар уулзалт 2021 оны 10 дугаар сарын 7-нд цахимаар болов.
Уулзалтаар НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ-UNSDCF (2023-2027)-г боловсруулах замын зураглал, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох алхамууд, баримт бичгийг боловсруулахад түшиглэх мэдээлэл болон нөөц боломж, удирдлага болгох зарчмууд, үр дүнг үнэлэх аргачлал, талуудын хүлээх үүрэг хариуцлага, шийдлийг тодорхойлох арга зам, Гүрж, Хойд Македон, Лаос зэрэг улстай байгуулсан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичгүүдийн онцлог шинж чанаруудтай оролцогч талууд танилцаж, мэдээлэл, санал солилцов.
Уулзалтад Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Үндэсний Хөгжлийн Газар зэрэг төрийн байгууллагын ахлах албан тушаалтнууд болон НҮБ-ын системийн байгууллагуудын удирдлагууд оролцов.