Швед Улсад жил бүр болдог олон улсын нэр хүндтэй “Азийн кино наадам” арга хэмжээнд өөрийн орны кино уран бүтээлээс оролцуулах талаар Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас уг фестивалыг зохион байгуулагч нарт санал тавьж хамтран ажиллав. Энэ хүрээнд 2021 оны 9 дүгээр сарын 28-наас эхлэн 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулж буй уг кино фестивалд зохион байгуулагч талаас өөрсдийн шаардлагын дагуу сонгосон монголын “Бүсгүй”, “Амин судал”, “Шилүүс” кинонууд оролцож байна.
“Азийн кино наадам”-ын хүрээнд Элчин сайдын яамнаас 10 дугаар сарын 01-ний өдөр Стокхолм хотын “Гранд” кино театрт “Шилүүс”, “Бүсгүй” кино гарах үеэр “Монголын үдэш” сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулж, хийл хөгжмийн болон морин хуурын тоглолт үзүүлбэр, үндэсний соёл урлаг, зан заншил, байгалийн үзэсгэлэнг харуулсан богино хэмжээний дүрс бичлэгийг толилуулав. Мөн үзэгчдэд монгол үндэсний бичиг, цагаан идээ, амттанг сурталчлан танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
“Азийн кино наадам” фестивал 10 дугаар сарыг дуустал Стокхолм болон Шведийн бусад томоохон хотоор үргэлжлэх бөгөөд монгол кино гарах бүрийн өмнө монголын урлаг соёл, уламжлал, дуу хөгжим, байгалийн сайханг харуулсан богино хэмжээний сурталчилгааны дүрс бичлэгийг үзүүлж байхаар тохиров.