Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Public Forum 2021 арга хэмжээний үеэр буюу 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр “Цар тахлын дараах ертөнц дэх Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг болов.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, ДХБ болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн хэлэлцүүлгийг удирдав. Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ дэлхий дахинаа тулгамдаад буй коронавируст цар тахлын нөлөөгөөр ДГХБО урьдынхаас илүү хүндрэлтэй тулгарч буйг онцлоод, ДГХБО-ын түүхий эдээс хараат байдлыг бууруулж, эдийн засгийг төрөлжүүлэн, худалдааны хэмжээ, хөгжлийн түвшинг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх асуудал нэн чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (НҮБ-ын ХХБХ)-аас боловсруулсан үйлдвэрлэлийн чадавхын индекс нь ДГХБО-ын үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг тодорхойлоход үр дүнтэй шалгуур үзүүлэлт болох боломжтойг тодотгов.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын ХХБХ-ын Тусгай хөтөлбөрийн асуудал хариуцсан захирал Пол Акивуми, Африкийн эдийн засгийн судалгааны төвийн гүйцэтгэх захирал Чуквука Онеквена, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг улсуудын асуудал хариуцсан дээд төлөөлөгчийн албаны дарга Хаиди Шродерус-Фокс, ДХБ-ын Хөгжлийн хэлтсийн зөвлөх Раул Торрес нар илтгэгчээр оролцож, ДГХБО-ын гадаад худалдаа, хөгжлийн асуудалд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх боломж, бодлогын зөвлөмжийн талаар санал солилцов.

ДХБ-ын Public Forum арга хэмжээ нь 2001 оноос эхлэн зохион байгуулагдаж буй бөгөөд олон улсын худалдаанд чухлаар тавигдаж буй цаг үеийн онцлог асуудлуудаар төр, хувийн хэвшил, судлаач, эрдэмтэн, оюутан зэрэг сонирхсон бүхий л хүмүүс хэлэлцүүлэг өрнүүлж, чөлөөтэй санал солилцох талбар юм. “КОВИД-ийн дараах худалдаа: хямралыг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх нь” ерөнхий сэдвийн дор болж буй энэ удаагийн Public Forum арга хэмжээний үеэр 100 гаруй сэдэвчилсэн хэлэлцүүлэг өрнөж байна.