Монгол Улсаас Данийн Хаант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Данийн Цог Жавхлант Хатан хаан Хоёрдугаар Маргретед Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын арга хэмжээний дараа Хатан хаан Хоёрдугаар Маргрете Элчин сайд Т.Жанабазарыг хүлээн авч ярилцав. Уулзалтын үеэр Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар товч ярилцахдаа Хатан Хааны угсаа залгамжлагч ханхүү Фредерик Монгол оронд хоёронтоо зочилсон нь Монгол-Данийн уламжлалт найрсаг харилцаанд чухал үйл явдал болсныг тэмдэглэв. Данийн Хаант Улсад суух Элчин сайдаар томилогдсонд Хатан хаан Хоёрдугаар Маргрете баяр хүргэж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Элчин Сайд Т.Жанабазар Данийн Хаант Улсад ажиллах үеэрээ тус улсын Гадаад хэргийн яамны Худалдаа, тогтвортой байдлын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдааны зөвлөлийн Гүйцэтгэх захирал С.Хоммел, Ази, Латин Америк болон Далайн орнуудын газрын захирал Т.Леманн, Данийн ТехДипломатын ахлах зөвлөх У.Смед, Нордикийн сайд нарын зөвлөлийн НБДГ-ын Тамгын газрын дарга И.Вендел, Данийн аж үйлдвэрийн холбооны Зах зээлийн хөгжлийн газрын захирал И.Холс-Нилсон, Монгол Улсын Өргөмжит консул Майкл Хаслунд-Кристенсен, Дани-Монголын нийгэмлэгийн гишүүд зэрэг хүмүүстэй уулзаж, Монгол, Данийн улс төр, худалдаа эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, 2023 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, энэ хүрээд худалдаа, соёл урлагийн хамтарсан арга хэмжээн зохион байгуулах боломжийн талаар ярилцав.
Түүнчлэн Элчин сайд Т.Жанабазар Данийн Үндэсний музейд зочилж, “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Дани Улсын “Копенхагены хааны музей”-ын сан хөмрөгт буй Монголтой холбоотой өв соёлын дурсгалуудын тухай “Дани дахь Монголын өв соёлын дурсгалууд” зурагт каталогийн зохиолч Кристал Брае болон музейн удирдлагатай уулзаж цаашдын ажил хэргийн талаар зөвлөлдөв. .