Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХҮНСНИЙ АСУУДЛААРХ ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

ХҮНСНИЙ АСУУДЛААРХ ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТ БОЛОВ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр буюу 9 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Хүнсний асуудлаарх дээд түвшний уулзалт болов.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн санаачилсан энэхүү цахим уулзалт нь дэлхийн хүнсний үйлдвэрлэл, хэрэглээнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, хүнсний тогтолцоог сайжруулах, КОВИД-19 цар тахлын үеийн хүнсний хямралыг даван туулах, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн холбогдох зорилтуудын хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангах, улс орнуудын амлалтыг ахиулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Ард түмний, шийдлийн хэмээн нэрлэгдсэн энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил НҮБ-ын бүх гишүүн улсад 1 жил 6 сарын турш үргэлжилсэн бөгөөд залуучууд, хүнс үйлдвэрлэгчид, уугуул иргэд, иргэний нийгэм, судлаачид, хувийн хэвшил, НҮБ-ын системийн байгууллагууд зэрэг оролцогч бүх талын хүнсний үйлдвэрлэл, хэрэглээний талаарх санал бодлыг сонсох, шийдэл олохыг зорьсон юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уулзалтад хэлсэн үгэндээ “дэлхийг сайн сайхан болгох зорилгод хүрэхэд хүнсний тогтолцоо ихээхэн хувь нэмэр оруулж чадна” гэж цохон тэмдэглэсэн ба 150 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд, сайд нар хүнсний тогтолцоогоо сайжруулах, түүнд фермерүүд, эмэгтэйчүүд, залуус, уугуул иргэдийг татан оролцуулах зэргээр тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн амлалт авсан байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дээд түвшний уулзалтад оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын хүн амын хүнсний тогтолцоо, түүний онцлог, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар дурдаж, цар тахлын үед хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн талаар Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”-т туссан “хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнс-хөдөө аж ахуйн систем бий болгох” зорилтын хүрээнд хүнсний тогтолцоогоо шинэчлэх, хувийн хэвшлийн оролцоог хангах, одоогийн нөхцөл байдалд тохирсон олон улсын туршлагад суурилсан оновчтой арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээр зорьж буйг тэрээр тэмдэглэв.