Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ПОЛЬШ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНДЖЕЙ ДУДАТАЙ УУЛЗАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ПОЛЬШ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНДЖЕЙ ДУДАТАЙ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 9 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 70 жилийн түүхтэй Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд олон салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг харилцан сонирхсон бүхий л салбарт бэхжүүлэхэд бэлэн буйгаа онцлон тэмдэглэв.

Польшийн Засгийн газраас хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд ач холбогдол өгч, монгол залуусыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж буйд талархаад эдийн засгийн бодитой төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, ялангуяа орчин үеийн дэвшилтэт технологи бүхий экспортын баримжаатай жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр польшийн талтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгч, Элчин сайдын яамаа дахин нээхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлээд Польш Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Өнөөдрийн энэхүү уулзалт нь хамтын ажиллагааг цаашид улам эрчимжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх олон өргөн боломж байгааг онцлов.

Монгол Улсаас оюутнууд Польш Улсад сургах харилцаа олон жилийн турш уламжлалт байдлаар тасралтгүй үргэлжилж байгаад баяртай байдгаа илэрхийлж, цаашид ч энэхүү уламжлалаа хадгалан монгол оюутнуудыг сургахаа нотлов.

Польш Улсын Ерөнхийлөгч А.Дуда Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Польш Улсад айлчлахыг мөн урив.