Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд 9 дүгээр сарын 22-ны өдөр үг хэлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, сайн засаглал, эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд, КОВИД-19 цар тахлын хор уршиг, түүнийг даван туулах талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Монгол Улс НҮБ-д 1961 онд элссэнээр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон нь манай түүхийн онцлох чухал үйл явдал болохыг тэмдэглээд, НҮБ-ын идэвхитэй гишүүн улсын хувьд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллахаа нотолсон байна.
Дайны эсрэг оюун санаа, сэтгэлгээний дархлааг хүн төрөлхтөнд тогтоох зорилгоор олон сая хүний амь насыг аймшигтайгаар авч одсон Дэлхийн II дайн дууссан 9 дүгээр сарын 2-ны өдрийг жил бүр “Хүн төрөлхтөн дайныг ялсан өдөр” болгон тэмдэглэх санаачилгыг дэвшүүлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголчуудын байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг уриалж, 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байгаагаа мэдээлсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь дараах холбоосоор орж үзнэ үү.