Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй ГХЯ, ХХААХҮЯ-ны газар нэгжийн удирдлага 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд уулзалт хийж, хоёр яамны үйл ажиллагааны уялдааг сайжруулах, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд хоёр яамнаас хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсан ажил, арга хэмжээг төлөвлөгөөт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортод тулгамдаж буй цаг үеийн асуудлаар мэдээлэл, санал солилцлоо.
Сайд нар хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх, улмаар хүнс экспортлогч орон болгоход манай худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш орнуудын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглахын чухлыг тэмдэглэж, үүнийг бодит ажил хэрэг болгоход яамдын газар нэгж, хилийн чанадад суугаа ДТГ-уудын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахаар тохиролцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар хоёр яамдын хооронд 2020 онд байгуулсан “ГХЯ, ХХААХҮ-наас ковид-19 цар тахлын нөхцөл байдалд экспортыг дэмжих, импортыг тогтвортой байлгах чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шинэчилж, агуулгыг нь баяжуулахаар тохирсон бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор яамдын газар, нэгж хоорондын уулзалтыг улирал тутам зохион байгуулж байхаар тогтов.
Сайд нар гадаад зах зээлд өрсөлдөх харьцангуй давуу тал бүхий мах, гурил, арьс шир, дайвар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд бизнес, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахын чухлыг тэмдэглэж, монголын уул уурхайн бус экспортын бараанд гадаад улс орнуудаас үзүүлдэг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаарх мэдээллийг орон тус бүрээр гарган бизнес эрхлэгчдэд хүргэх ажлыг хамтран зохион байгуулахаар тохиров.