Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Дэлхийн байгаль хамгаалах холбоо (ДБХХ)-ны 26 дугаар Их хурал Бүгд Найрамдах Франц Улсын Марсель хотноо 2021 оны 9 дүгээр сарын 3-11-ний өдрүүдэд болж байна.

Дэлхийн байгаль хамгаалах холбоо нь 160 гаруй улсын байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 211 яам, агентлаг, 1200 гаруй төрийн бус байгууллага, 18,000 гаруй экспертүүдийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том байгаль хамгаалах байгууллага юм. Тус байгууллага нь дэлхийн байгаль хамгаалах бодлогыг тодорхойлоход зонхилох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд НҮБ-ийн Ерөнхий ассемблейд ажиглагчийн статустай, цорын ганц олон улсын төрийн бус байгууллага юм.

Тус Их хурлын нээлтийн үйл ажиллагаанд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон оролцож Франц Улсын байгаль хамгаалах бодлого, түүний ач холбогдлын талаар ярилаа. Энэ нь Франц Улс уг арга хэмжээг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан төдийгүй, цаашид тус улс дэлхийн байгаль хамгаалах үйлсэд манлайлан оролцохоо илэрхийлснээр онцлог болов. Их хурлын нээлтийн үйл ажиллагаанд Франц Улсын нэр нөлөө бүхий хүмүүсээс гадна Christine Lagarde, Sebastiao Salgado, Frans Timmermans, Грекийн Ерөнхий сайд Kyriakos Mitsotakis, алдарт жүжигчин Харрисон Форд нар оролцож байгаль хамгаалах ажлын үнэ цэн, ач холбогдолын талаар өөрсдийн санал бодлыг хуваалцаж, оройтоогүй дээрээ бид хийж эхлэх ёстойг уриаллаа.

Их хурлын үеэр болсон тус байгууллагын ээлжит сонгуулиар Биологийн төрөл зүйлийг хамгаалах Мохамед бин Зайд сан болон Абу Дабигийн байгаль  хамгаалах агентлагийн гүйцэтгэх захирал хатагтай Разан Ал Мубарак тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов. Ийнхүү 73 жилийн түүхтэй байгаль хамгаалах дэлхийн байгууллагын тэргүүнээр сонгогдсон хоёр дахь эмэгтэй, Арабын ертөнцөөс уг байгууллагыг тэргүүлэх анхны эмэгтэй болов. Мөн ДББХ-ны бүсийн консулууд болон 6 комиссын дарга нарыг сонгов.

Энэ удаагийн Их хуралд ДБХХ-ны гишүүн Хустайн цогцолборт төв төрийн бус байгууллагын захирал Цэрэндэлэгийн Дашпүрэв оролцож Хустайн байгалийн цогцолборт газар болон тахь нутагшуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар илтгэл тавилаа. Байгальдаа устаад байсан тахийг сэргээн нутагшуулах үйлсийг Монгол Улс амжилттай хэрэгжүүлж Хустайн байгалийн цогцолборт газар, Их Говийн дархан цаазтай газрын “Б” хэсэг, Хомын талын байгалийн цогцолборт газарт нутагшуулж буй тахийн тоо 800 гаруй болон өсч байна. Энэ нь Монгол Улсаас дэлхийн байгаль хамгаалах үйлсэд оруулж байгаа дорвитой ажлуудын нэг юм.

Тус хурлаар ДБХХ-ны 2024 он хүртэлх ажлын ерөнхий төлөвлөгөөг батлан, Марселийн тунхаг бичгийг гаргах юм. Үүнд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн анхаарал хандуулах болж байна. Мөн хөдөө аж ахуйг зохистой хөгжүүлэх, цар тахлын улмаас байгаль орчныг хамгаалах санхүүжилт хүнд байгаад Засгийн газрууд болон донор байгууллагууд илүү анхаарахыг уриалан хамтран ажиллахаар болж байна.

Зураг 1. Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нээлтийн арга хэмжээнд үг хэлэв

Зураг 2. Европын төв банкны ерөнхийлөгч хатагтай Кристин Лагард

Зураг 3. Хустайн цогцолборт төв төрийн бус байгууллагын захирал Ц.Дашпүрэв тахь нутагшуулж буй туршлагаасаа хуваалцав

Зураг 4. ДБХХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон хатагтай Разан Ал Мубарак