УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын Парламентын бүлгийн дарга Г.Дамдинням Монтреаль, Торонто, Оттава, Режайна хотуудад ажиллаж байна. Тэрбээр Канад Улсын Парламентын гишүүн, Канад-Монголын Найрамдлын бүлгийн дарга хатагтай Ясмин Ратанситай Оттава хотод уулзав. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэн хөгжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, түүний дотор хоёр бүлгийн хамтын ажиллагаа, улс төрийн харилцан итгэлцэл, дэмжлэг чухал үүрэгтэйг цохон тэмдэглээд хатагтай Я.Ратансид энэхүү үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж талархлын захидал гардуулав.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Канадын Экспортыг хөгжүүлэх агентлагийн Ерөнхийлөгч хатагтай Мэйрид Лавери, Тэргүүн дэд ерөнхийлөгч Тодд Винтерхолт, Дэн Манкузо, Дэд Ерөнхийлөгч Гильермо Фрейре нартай уулзах үеэрээ гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа цар тахлын дараа эдийн засгийг сэргээхэд чиглэсэн бодлогын талаар танилцуулж, хөдөө аж ахуй, шинэ технологийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.
Канадын худалдааны танхимын Ерөнхийлөгч Перрин Битти, Дэд ерөнхийлөгч Марк Агнью нартай уулзахдаа хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, манай худалдааны эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, чадавхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, Хойд Америкийн бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх боломжийг эрэлхийлэх, компанийн засаглал, санхүүгийн үйлчилгээ, төрийн худалдан авалтын талаар канадын туршлагыг судлах санал тавьж ярилцлаа. Канадын худалдааны танхим нь Холбооны Засгийн газрын эдийн засгийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Торонтогийн хөрөнгийн биржийн Уул уурхайн салбар хариуцсан захирал Дин Макферсонтой цахимаар уулзаж Монголын хөрөнгийн бирж, Торонтогийн хөрөнгийн бирж хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэх, “Монголын хөрөнгийн зах зээлийн өдөрлөг” арга хэмжээг хамтран зохион байгуулах, монголын уул уурхайн төслүүдийг Торонтогийн хөрөнгийн биржид гаргахад дэмжлэг авах, энэ талаар сургалт, зөвлөгөөн зохион байгуулах, Монголын хөрөнгийн бирж Торонтогийн биржид давхар бүртгүүлэх процесс, нөхцөл, шаардлагыг хөнгөвчлөх талаар ярилцав.
Уул уурхайн олборлогчдын холбооны Ерөнхийлөгч Алекс Кристофер, Гүйцэтгэх захирал Лиза МакДоналдс нартай уулзаж 2022 онд зохион байгуулагдах Уул уурхайн хайгуул, олзворлогчдын 90 дэх удаагийн Олон улсын хайгуулч, олборлогчдын чуулга уулзалт /PDAC/-д Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхай, бизнесийн хууль эрх зүйн орчинд гарч буй эерэг өөрчлөлтүүдийг сурталчлах, Монгол Улс энэхүү чуулга уулзалтад 24 жил дараалан оролцож, уул уурхайн салбарын хөгжилдөө ахиц дэвшил гаргаж, ач холбогдол өгч байгааг онцлох, цаашид чуулга уулзалтын боломжуудыг илүү үр дүнтэй ашиглаж, хамтран ажиллах талаар ярилцлаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням Саскачеван мужийн Парламентын гишүүд, Дээд боловсролын сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзалт хийхээр Режайна хотод ажиллав. Энэхүү ажлын айлчлал нь 5 дугаар сард зохион байгуулагдсан Монгол Улс, Канад Улсын Засгийн газар хоорондын Дугуй ширээний 9 дэх удаагийн уулзалтын мөрөөр, Монгол-Канадын харилцааг иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө Замын зураглалын хүрээнд болж байгаагаараа онцлог, ач холбогдолтой юм.