Монгол Улс нь НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ оны 9 дүгээр сарын 7-10-ны өдөр цахим хэлбэрээр болж буй НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн 2021 оны Хоёрдугаар хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож үг хэлэв.
Байнгын төлөөлөгч В.Энхболд хэлсэн үгэндээ хүүхдийн эрхийг хамгаалах, залуучуудыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, ололт амжилт, сорилтын талаар товч танилцуулав. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн шинэ Стратегийн төлөвлөгөө (2022-2025) нь Тогтвортой хөгжлийн зорилтууд дахь хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн чадавх, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг байдалд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн байгааг тэмдэглээд, манай улс энэхүү Стратегийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа илэрхийлэв.