Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгов

2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгов

Монгол Улс –Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны хоёрдугаар сарын 24-нд тохионо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ стратегийн түншлэлд хүрч, хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран, хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байна.

Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлах санаачилга дэвшүүлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил” болгох тухай тогтоолыг баталлаа. Зохион байгуулах Ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ахлах бөгөөд энэ сарын 13-нд анхны хурлаа хийхээр товлоод байна. Бүрэлдэхүүнд холбогдох яам, байгууллага, найрамдал, олон нийтийн нийгэмлэгүүд, хувийн хэвшлийн төлөөллүүд орно.

Тус ойн хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх, хоёр талаас улс төр, бизнес, төр захиргааны байгууллага, соёл урлагийн төлөөлөл болох 50 шилдэг залуусыг харилцан илгээх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, баримтат кино бүтээх, хоёр орны харилцааны түүхийн тухай ном хэвлүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг холбоход чиглэсэн бизнес форум зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

https://zasag.mn/news/view/26070