Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай А.Петерсоныг 8 дугаар сарын 31-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, ойжуулалтын асуудалд чухал ач холбогдол өгч буйг тэмдэглэж, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, бодлогын зөвлөмж өгөх, техникийн туслалцаа, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уулзалтын үеэр цөлжилттэй тэмцэх, ойжуулалтын чиглэлээр манай улстай хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв.