Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрNews eventsХБНГУ-ЫН НИЙСЛЭЛ БЕРЛИН ХОТОД “МОНГОЛЫН МЭДЭЭЛЭЛ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨВ” НЭЭГДЛЭЭ

ХБНГУ-ЫН НИЙСЛЭЛ БЕРЛИН ХОТОД “МОНГОЛЫН МЭДЭЭЛЭЛ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ ТӨВ” НЭЭГДЛЭЭ

Монгол Улсад үйлдвэрлэсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны иргэд, бизнес эрхлэгчдэд сурталчлах зорилго бүхий Мэдээлэл худалдааг дэмжих төвийн (МХДТ) албан ёсны нээлт Берлин хотноо 2021 оны 8 дугаар сарын 27-нд болов.

Берлин хотын эртний төвүүдийн нэгэн хэсэгт байрлах тус төвийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат, Бундестагийн гишүүн М.Грунд, К.Күлитц, М.Хэльд  Берлин хотын захирагч М.Мюллер, МХДТ-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэцогт, ЕХ-ны ТРАМ төслийн зөвлөх К.Круг нар оролцон үг хэллээ.

Нээлтийн ёслолд ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр цахимаар оролцож, Монгол Улсын Засгийн газар үйлдвэрлэл, экспортын таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх замаар уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилт тавьж буйг дурдаж “энэхүү төв уг зорилгод хүрэх нэгэн чухал алхам боллоо” хэмээн онцлон тэмдэглэв.  Түүнчлэн тэрээр төвийг үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлсэн ЕХ-ны ТРАМ төсөл, МҮХАҮТ-д болон ХБНГУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Өргөмжит консул, Соёлын элч нарт талархал илэрхийлж амжилт хүсэв.

Нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр “Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн “Монголын худалдааг дэмжих төсөл” нь шинэчилсэн “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем” (GSP+)-ийн  ашиглалтыг сайжруулахаар Монголын бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлсэн.  Тус төслийн хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийг чадавхижуулан, таван кластерийг хөгжүүлж, Европын холбооны улсууд руу тухайлан ХБНГУ руу “Гүүр”-ээ тавьж чадсан” гэдгийг онцоллоо.

Бундестагийн Парламентын бүлгэмийн дарга М. Грунд хоёр улсын харилцааны асуудлыг олон жил хариуцаж ирсний хувьд МХДТ нээгдэж буй нь монголын бараа бүтээгдэхүүн герман, улмаар ЕХ-ны зах зээл дээр тогтвортой орж ирэхэд бодит чухал түлхэц болж буйг онцлов. Берлин хотын захирагч М.Мюллер “Нийслэл хотын маань төвд Монголын бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах, мэдээлэл түгээх төв байгуулагдаж байгаа нь манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болж байна” хэмээн хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

МҮХАҮТ нь энэ төвийг Берлин хотод нээх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол-Германы Бизнесийн Холбоотой 2019 оны 11 дүгээр сард байгуулж байсан бөгөөд  Монголын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн төв Берлин хотод нээгдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монголын бараа бүтээгдэхүүнийг европын холбооны зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломж нээгдэж байна. Шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс хамрагдсанаар манай улсаас 6300 орчим нэр төрлийн бараа Европын Холбооны улсуудад  гаалийн татваргүй нэвтрэх боломж бүрдсэн юм.

Нээлтийн ёслолд ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, Эдийн засаг, эрчим хүчний яам, Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны хариуцлагатай албан тушаалтнууд, германы бизнесийн танхим, компаниудын төлөөлөгчид уригдан оролцож, монгол ардын урлагийн тоглолт үзэж сонирхлоо.