Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБНСВУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НГУЕН СУАН ФУК, ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД НГУЕН МИНЬ ВУ НАР ЭЛЧИН САЙД Д.БИЛЭГДОРЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗAВ

БНСВУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НГУЕН СУАН ФУК, ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД НГУЕН МИНЬ ВУ НАР ЭЛЧИН САЙД Д.БИЛЭГДОРЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗAВ

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Билэгдорж томилолтын хугацаа дуусч эх орондоо бүрмөсөн буцах болсонтой холбогдуулан энэ 8 дугаар сарын 26-ны өдөр БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук түүнийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Талууд Монгол, Вьетнамын улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өргөжин хөгжиж байгааг дурдаад хоёр талын харилцааны түвшинг ахиулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров.

Түүнчлэн талууд “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа бүхий л түвшинд хамтын ажиллагааг сэргээхээр ярилцав. Монгол, Вьетнамын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр улсын хоорондын тээвэр логистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг вьетнамын тал онцлов.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд Д.Билэгдоржийн оруулсан хувь нэмрийг Ерөнхийлөгч Нгуен Суан Фук өндрөөр үнэлээд, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Мөн түүнчлэн Элчин сайд Д.Билэгдоржийг Вьетнам Улсын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Ву энэ сарын 23-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгтэй болох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах
талаар санал солилцов. Уулзалтын үеэр вьетнамын тал монголын талаас өндөр түвшний айлчлалыг ирэх жил хэрэгжүүлэхийг мөн санал болгов.