Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээУС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

УС ГҮН ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүдээс Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулахаар болсон. Үүний хүрээнд баригдах 93 сая ам.долларын өртөг бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн шав тавих ёслол боллоо.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ММСС-ын Удирдах зөвлөлийн дарга, Гадаад  харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Сонгинохайрхан уулын зүүн бэлд барих Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил 2024 оны сүүлчээр дуусч, ашиглалтад орох бөгөөд туршилт тохируулгын ажил нэг жилийн хугацаанд үргэлжлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр “Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бататгах түүхэн төсөл, хөтөлбөрүүдийн нэг нь Мянганы сорилтын Компакт гэрээ. Гэрээний хүрээнд ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлснээр нийслэлчүүд 100 жилийн найдвартай усан хангамжтай болохын зэрэгцээ усны шинэ соёл, шинэ боловсрол нэвтэрнэ” гэдгийг тэмдэглэв.

Элчин сайд Клечески “Өсөн дэвжиж буй ардчилсан орнууд нь хэт их өрийн дарамтанд оруулахааргүй хөтөлбөрүүдээс ашиг шим хүртдэг гэдэгт бид итгэдэг тул АНУ-ын Засгийн газар боломжтой үедээ Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг буцалтгүй тусламжаар дэмжиж байна” гэв.

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Компакт гэрээний санхүүжилтээр Биокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын доорх усны хоёр шинэ эх үүсвэрээс хоногт 140 мянга, жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

Улаанбаатар хотын усны хэрэглээ 2023 он гэхэд одоогийн боломжит нөөцөөсөө давж, улмаар усны хомсдолд орж болзошгүй нь судалгаагаар тогтоогдсон. Иймээс Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын корпорац Компакт гэрээгээр олгох 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг бүхэлд нь үүнд зарцуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэ хүрээнд Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрээс гадна Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэрийг шинэ Төв цэвэрлэх байгууламжтай уялдуулан барьж, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.