Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2021 оны 8 сарын 13-ны өдөр Оросын экспортын төв буюу “РЭЦ” компанийн Олон улсын харилцаа, бизнесийн зөвлөлтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал эрхэлсэн захирал А.А.Прохороваг өөрийн хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Д.Даваа Монгол Улс, ОХУ хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэн боломжтойг дурдаад, цар тахлын нөхцөл байдлын улмаас Монголд өргөн хэрэглээний барааны хомсдол, үнийн хөөрөгдөл гарч байгаатай холбогдуулан энэ төрлийн барааг ОХУ-аас ихээхэн хэмжээгээр импортлох сонирхолтой буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсад ОХУ-ын нэр хүнд бүхий аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний албанёсны дистрибьютерээр ажиллах Монголын сонирхсон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломжийг судалж үзэх саналыг дэвшүүлэв.
ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч орнуудад бараа бүтээгдэхүүн экспортлох тохиолдолд Монголын аж ахуйн нэгжүүдэд тээврийн үйлчилгээ үзүүлэх боломж хэр байгааг сонирхсон Элчин сайдын асуултад уг асуудлаар тодорхой мэдээлэл ирүүлэхээ хатагтай А.А.Прохорова илэрхийлсний зэрэгцээ ОХУ-аас Монгол Улсад бараа бүтээгдэхүүн экспортлоход Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ложистикийн үйлчилгээ үзүүлэх найдвартай түнш аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоож ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Уулзалтын дүнд талууд ойрын хугацаанд хамтын ажиллагааны бодит санаа, санаачилгыг дэвшүүлэн, санал солилцож, тодорхойлох чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.