Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-ийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн бөгөөд хоёр тал Тяньжин хотноо албан ёсны хэлэлцээ хийв. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилсан уулзалт хийж, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгсөн юм.
Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг хэмээн санал нэгдэж, хоёр улсын төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж, хоёр улсын удирдлагуудын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцов.