Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээАЛДАРТ МОНБЛАНЫ МАРАФОНД ОРОЛЦСОН МОНГОЛЧУУДЫН ТЭМДЭГЛЭЛ

АЛДАРТ МОНБЛАНЫ МАРАФОНД ОРОЛЦСОН МОНГОЛЧУУДЫН ТЭМДЭГЛЭЛ

2021 оны 7 сарын 4, Монблан уулын оргилоос

Францын Шамоникс хотод зохион байгуулагддаг өндөр уулын трасс гүйлтийн тэмцээн Монбланы марафонд 2021 оны 7 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсаа төлөөлөн 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр багаараа амжилттай оролцоод ирлээ.

Монбланы марафон нь 42 жилийн турш зохион байгуулагдаж буй, жил бүр 10,500 гаруй гүйгч, 80 гаруй орноос ирж оролцдог том хэмжээний тэмцээн юм. Уг тэмцээнд маш олон хүн бүртгүүлдэг тул лоттери буюу сугалаагаар зөвхөн оролцогчдыг шалгаруулдаг байна. Энэ жилийн тэмцээний хувьд КОВИД-19 цар тахлын улмаас оролцогчдын тоог эрс хязгаарласан тул ойролцоогоор 4,000 хүн оролцон гүйсэн байна. Энэ тоонд Парис хотноо ажиллаж амьдардаг манай клубын 6 гишүүн бүгд багтсанд маш их баяртай байна. Энэ тэмцээн нийт 7 ангиллаар (90км, 42км, 23км, 20км, 15км, 10км, 3.8км) зохион байгуулагдсан ба манай клубээс 2 гишүүн нь 23км-т, 4 гишүүн нь 10км-т оролцов.

Манай Парис дахь Монгол гүйгчид клуб нь 2019 оны 6 сараас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 30 гишүүнтэй. Бид байнга бэлтгэл сургуулилтаа хийж байна. Бид сард 2 удаа амралтын өдрөөр парк, голын эрэг дагуу, ууланд бэлтгэл хийж цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээдэг. Клуб байгуулагдсан цагаас хойш Францын болон олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцсон. Уг клубт маань ихэнхидээ анхлан гүйгчид байгаа ба бүх насны, эрэгтэй эмэгтэй гүйгчид бие биенээ урамшуулан бэлтгэл, сургуулилт хийдэг юм.

Монбланы тэмцээнд бид 2020 оны 11 сарын эхээр бүртгүүлж, улмаар бүгд сугалаанд азтай байж оролцохоор болсон билээ. Бэлтгэлийг сүүлийн 2 сар гаруй өндөрлөг уултай газар, 7 хоног бүр хийсэн ба Парисаас нилээд зайтай байсан тул бэлтгэлдээ байнга ирэх нь хүндрэлтэй байсан ч, энэ авьяас, ур чадвар шаардсан, маш өндөрлөгт гүйдэг, том тэмцээнд гэмтэл бэртэл авахгүйн тулд хичээж хамтдаа бэлдсэн. Тэмцээнд оролцохын хамгийн хэцүү нь бэлтгэлд гаргах цаг байдаг. Бүгд гүйхийн хажуугаар ажил, сургууль, ар гэр гээд аль алинийг нь зохицуулан оролцсон ч эцсийн дүндээ маш амжилттай оролцсонд сэтгэл хангалуун байгаа.

Тэмцээний 23 км зайн төрөлд Цамбын Азбилэг (05:45:31), Баатарын Байгалмаа (05:00:44), 10км зайд Цагаанхүүгийн Батчимэг (01:16:15), Энхбаярын Дөлгөөн (01:37:53), Батсайхaны Дэлгэрмаа (01:37:52), Бадамдоогийн Өнөрбат (01:19:58) нар оролцлоо.

Уг тэмцээнд нийт 219 хүн замаасаа болих эсвэл хэт удаан хурдтай гүйсэнээс тэмцээнээс хасагдсан ч бидний хувьд анх удаа уулын, хэт өндөрлөг газрын тэмцээнд оролцсон гэхэд маш амжилттай оролцсон. Ц.Батчимэг өөрийн насны ангиллаар 17 дугаар байранд, Өнөрбат мөн 23 дугаар байранд орсон. Бусад гишүүдийн хувьд ч мөн адил хувийн болон клубын хувьд өндөр амжилт үзүүллээ.

Тэмцээний уур амьсгалын хувьд ч маш гайхалтай байлаа. Байгалийн үзэсгэлэнт, сүрлэг Альпийн нуруунд өндөр уулсаар, цасан дээгүүр гүйх, өндөр хүрхрээний оргил хэсгээс адис авангаа хүйтэн уснаас амтлан уух, нутгийн хүмүүсийн урам өгөн алга таших чимээнд хурдлах нь маш сайхан мэдрэмж төрүүлснийг нуух юун. 23 км гүйлтийн замын хувьд, тэгш талаар бараг гүйгээгүй ба уул өөдөө өгсөх эсвэл уруудах гэсэн (дээшээ +1,680м өгсч, доошоо -870м) хоёрхон маршрутаар гүйсэн ба зарим хэсэгтээ маш нарийн уулын энгэр хэсгийн жимээр гүйх, эсвэл хальтаргаа ихтэй цасан дээгүүр гүйх, эсвэл маш эгц хадан дундуур гүйх зэрэг заримдаа айдас төрүүлсэн ч адреналин ялгарч байсан тул зөвхөн тэр мөчдөө анхаарал хандуулан гүйж дуусгасан. Энэ сайхан мэдрэмжийг зөвхөн Альпийн энэ өндөрлөгт л авна гэдэгт эргэлзэхгүй байна.

10км гүйлтийн хувьд мөн адил уулын энгэрээр байнга өгсөж уруудаж гүйсэн. Их үд эхлээд бороо орж эхэлсэн тул замын шавар нь хальтиргаа ихтэй, бага зэргийн аюултай болж эхэлсэн ч гэмтэл, бэртэл авалгүй бүгд маш амжилттай уралдаанаа дуусгасан.

Энэхүү тэмцээн нь манай клубын хувьд шинэ сорил байсан ч бид маш урамшин цаашид уулын, хэт өндөрлөг тэмцээнд оролцох итгэл үнэмшилийг бий болгосон. Мөн энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлж бидний 6 иргэн сэтгэл нэгдэж ийнхүү оролцсондоо маш их бахархах сэтгэл төрснөө нуух юун. Бид эх орныхоо далбааг алдарт мөнх цаст Монбланы оройд ийнхүү мандуулсандаа туйлын их баяртай байна.

Дашрамд дурдахад уг марафон нь олон улсын том тэмцээн тул оролцогчдын энгэрийн дугаарт нь орон бүрийн далбааг хэвлэсэн байв. Уулзсан хөгжөөн дэмжигчид, зохион байгуулагчид нь Монголын далбааг ихэд сонирхон, зөвхөн энэ тэмцээнд орох гэж их холоос зорин иржээ гэж байв. Бид байнга Франц Улсад амьдардаг Монголын иргэн гэдгээ ч хэлж танилцуулж байлаа.

Энэ жил маш амжилттай оролцсон тул ирэх жил дахин оролцох урам зоргийг манай клубын гишүүд авлаа. Ирэх жил илүү туршлагатай, бэлтгэлтэй орох тул амжилтаа бас ахиулна гэдэгтээ итгэлтэй байна. Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон хамгийн том түшиг тулгуур нь биднийг анхнаас нь дэмжиж, байнга тусалж, урамшуулж байсан клубын нийт гишүүд маань, гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт дэмжихээр ирсэн бүх хүмүүс маань билээ. Та бүхэндээ бидний зүгээс чин сэтгэлээсээ талархаж буйг хүлээн авна уу.

Мөн манай клуб нь зөвхөн гүйх биш хамтдаа ууланд алхах, хүүхэд багачууд, залуустайгаа хамт спорт хийх, тоглох, хүүхдүүддээ эерэг жишээ үзүүлэх олон үйл ажиллагааг төлөвлөж байгаа. Ирээдүйд зөвхөн гүйх биш Францад, Европт ажиллаж амьдарч буй элэг нэгт ахан дүүстэйгээ цагийг зөв боловсон, хөгжилтэй, үр өгөөжтэй өнгөрүүлж, дархлаагаа дэмжихийн сацуу монголчууд бие биенээ дэмждэг, туршлагаа хуваалцдаг эерэг хүрээлэл бий болгох, үүгээрээ амьдарч буй хоёр дахь эх орон болсон Франц Улсдаа, төрсөн эх нутагтаа эерэгээр нөлөөлөх зорилготой билээ.

Манай клубын үйл ажиллагааг дэмжих боломжийг судалж, олон нийтэд түгээхэд хамтарч буй Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд гүнээ талархаж байна.

Франц Улсад оршин суудаг Монголчууд маань соёл урлаг, спорт, шинжлэх ухаан, эдийн засаг, боловсрол зэрэг олон салбарт Монголынхоо нэрийг өндөрт гаргаж явна гэдэгт итгэлтэй байна.

Анхааран уншсан Танд баярлалаа.