2021 оны 07 дугаар сарын 15 Женев хот.
Энэ өдөр Женев хотноо төвтэй Дэлхий худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдааны хэлэлцээний хорооноос тус байгууллагын хүрээнд явж буй загас агнуурын салбарт төрөөс олгож буй татаасын асуудлаарх хэлэлцээний талаарх Сайд нарын түвшний уулзалт цахим хэлбэрээр болов.
Уг уулзалтад Монгол Улсаас ДХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн Женев дэх далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ыг төлөөлж үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ загас агнуурын салбарт төрөөс олгож буй татаасын асуудлаарх олон талт хэлэлцээрийн төсөлд болон цаашид уг асуудлыг зохицуулах баримт бичгүүдэд ДГХБО-ын далайд гарцтай байх, далайд чөлөөтэй зорчих, загасчлах эрх зэрэг ашиг сонирхлыг тусгасан байх шаардлагатайг тэмдэглэж, дэлхийн өнцөг бүрт аж үйлдвэрийн хэмжээнд загасны агнуур эрхэлж буй томоохон улсуудын зүгээс жил бүр 55 тэрбум ам.долларын татаас олгож байгаа нь дэлхийн загас агнуурын нөөцийг нөхөж чадахгүйд хүргэж, улмаар үүсэх загасны хомсдол нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж, байгаль орчны тогтвортой байдлын томоохон асуудал болж байгааг онцлов.
Түүнчлэн Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн газар зүйн байршлаас хамааран ДГХБО-уудын өмнө тулгарч буй транзит, тээвэрлэлтийн өндөр өртөг зэрэг хүндрэл, сорилтууд нь эдгээр орнуудыг дэлхийн эдийн засаг, олон улсын худалдааны сүлжээнд ашигтайгаар нэгдэн ороход бэрхшээл болж буйтай холбогдуулан энэ хүрээнд ДХБ дахь ДГХБО-уудын Ажлын хөтөлбөр боловсруулж, ирэх 11 дүгээр сарын сүүлээр болох ДХБ-ын Сайд нарын 12 дугаар чуулга уулзалтаар танилцуулахаар ажиллаж буй талаар мэдээлэв.
Энэхүү уулзалтад ДХБ-ын гишүүн 164 улсаас 105 улс Сайдын түвшинд оролцож, сүүлийн 20 жилийн хугацаанд үргэлжилж буй загас агнуурын салбарт төрөөс олгож буй татаасын асуудлаарх хэлэлцээг дуусгавар болгож, улмаар хууль бус, зохицуулалтгүй загасчлалыг зогсооход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж шинжээчид үзэж байна.