МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТАРСАН ХОРОО (TIFA)-НЫ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээр (ТИФА)-ийг 2004 оны 7 дугаар сард байгуулсан. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороо байгуулагдсан нь талуудын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт болон тарифын болон тарифын бус саад тотгор, оюуны өмчийн эрх, хөдөлмөр, байгаль орчин, ил тод байдал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар яриа хэлэлцээ хийх байнгын механизмын үүрэг гүйцэтгэдэг.
Хамтарсан хорооны хуралдааныг 2005-2015 онд нийт 5 удаа зохион байгуулснаас 5 дугаар хуралдааныг 2015 онд Улаанбаатар хотноо болсон юм.
Талууд Монгол-Америкийн худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны 6 дугаар хуралдаан 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулав. Хуралдаанд Монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герриш тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Террэнс Ж.Маккартин нар 6 дугаар хуралдааныг даргалж, “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилт, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, татвар, оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчин болон худалдааг хөнгөвчлөх, бизнес төлөөлөгчдийг цаашид харилцан айлчлуулах зэрэг асуудлаар мэдээлэл солилцож, тохиролцов. Хуралдааны төгсгөлд Талууд “Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны Хамтарсан мэдэгдэл” гаргав.
“Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль” /Mongolia Third Neighbour Trade Act/-ийн төслийг АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд санаачлан 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Конгресст дахин өргөн барьсан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондын худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэх, Монгол Улсын ноос ноолуурын салбарын нэмүү өртгийн сүлжээг дэмжих, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, малчид, түүхий эд бэлтгэгчид, боловсруулах үйлдвэрийг бүрэн хамарсан тогтвортой өсөлт, хөгжлийг бий болгох ач холбогдолтой.
МОНГОЛ-АМЕРИКИЙН ХУДАЛДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХАМТАРСАН ХОРООНЫ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
Монгол Улс, АНУ-ын хоорондын 2004 оны Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулсан Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Хамтарсан хороо 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Вашингтон хотноо хуралдаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Террэнс Ж.Маккартин нар даргалав.
Хуралдааны үеэр Талууд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой болон 2018 оны 9 дүгээр сард тохирсон “Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн замын зураглал”-ын ач холбогдлыг онцолж, тус хуралдаан нь Монгол Улсын зах зээлд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэв.
Хуралдаанаар Монгол Улс болон АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хүрээнд ил тод байдал, хөрөнгө оруулалтын орчин, оюуны өмчийн эрх, монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт, АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP), худалдааг хөнгөвчлөх, хөхиүлэн дэмжих зэрэг өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцов.
2018 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 131 сая ам.доллар болж, 2017 оныхоос 47,1 хувиар өсчээ. Харин АНУ-ын манай улсад оруулсан хөрөнгө оруулалт 2017 онд 147 сая ам.доллар болж 2016 онтой харьцуулахад 63,3 хувиар өссөн байн
Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны ээлжит уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.