Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайд К.Ивкоф, Австралийн Холбооны Улсын Элчин сайд Д.Воусэн, БНФУ-ын Элчин сайд Ф.Мэрлин, БНЧУ-ын Элчин сайд И.Бродский, ИБУИНХУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ж.Холдер, ХБНГУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Р.Рутенберг нартай цахим уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ Элчин сайд нар илэрхийлж, талууд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны зарчмууд, тэр дундаа хүүхэд цэрэгт элсүүлэх, ашиглахаас урьдчилан сэргийлэх Ванкуверийн зарчмуудын талаар санал солилцсон байна.