Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрХэвлэлийн мэдээЭЛЧИН САЙД О.ОЧ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА (ДГБ)-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДОКТОР КУНИО МИКУРИАТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД О.ОЧ ДЭЛХИЙН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА (ДГБ)-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ДОКТОР КУНИО МИКУРИАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд О.Оч 6 дугаар сарын 08-ны өдөр Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Доктор Кунио Микуриатай уулзав. Уулзалтаар Монгол Улс, Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) хоёрын хамтын ажиллагаа сүүлийн 30 жилийн хугацаанд өргөжин хөгжиж буйг талууд сайшаан тэмдэглэж, цаашид харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Уулзалтын эхэнд талууд Ковид-19 вирусийн эсрэг дархлаажуулалтын явц, цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын талаар ярилцав. Монгол Улс Дэлхийн гаалийн байгууллагад 1991 онд гишүүнээр нэгдэн орсноос хойш Гаалийн шинэчлэлийн төсөл, Гаалийн байгууллагын хууль сахиулах үндэсний сүлжээ (NCEN) хөтөлбөр, Хилийн хяналтын менежментийг сайжруулах техникийн туслалцаа, мэдээлэлд тулгуурласан эрсдэлийн удирдлага, Гаалийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх зэрэг олон төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хамтран амжилттай хэрэгжүүлж ирснийг Элчин сайд О.Оч уулзалтын үеэр онцлон тэмдэглэв. Ноён Микуриа Монгол Улсын гаалийн шинэчлэлийн үйл явц амжилттай хөгжиж буйг сайшаан тэмдэглэж, ДГБ-аас Монгол Улсад техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр цаашид дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд талууд гаалийн үйлчилгээг цахимжуулах, тэргүүний техник, технологийн шилдэг туршлагуудыг Монгол Улсад нэвтрүүлэх, далайд гарцгүй хөгжингүй улс орнуудын худалдаа, эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх талаар санал солилцов.