ГХЯ-наас Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-тай хамтран 2021 оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд “ДХБ-ын Татаас болон нөхөн төлөөсийн арга хэмжээний тухай хэлэлцээр”-ийн асуудлаар цахим сургалт зохион байгуулав.
Монгол Улс 1997 онд ДХБ-ын гишүүн болсноор тус байгууллагын “Татаас болон нөхөн төлөөсийн арга хэмжээний тухай хэлэлцээр”-ийн зарчимд нийцүүлж татаасын бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг амлалт авсан. Энэхүү үүрэг амлалтыг хэрэгжүүлэх, мөн манай дотоодын үйлдвэрлэл, экспортод худалдааны түнш бусад улс орнуудын зүгээс хэрэгжүүлж буй хориглосон татаасын улмаас бий болох сөрөг нөлөөлөл, хариу арга хэмжээ авах боломж, эрх зүйн үндэслэлийн талаар ДХБ-ын Дүрэм, журмын асуудал хариуцсан газрын зөвлөх Сереф Коскун дэлгэрэнгүй танилцуулав.
Сургалтад Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны төвийн 30 гаруй төлөөлөл оролцож, татаас, түүний тусгайлсан шинж, татаасын улмаас бий болсон хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар мэдээлэл авч, тус тусын салбарт татаасын бодлого, дотоодын үйлдвэрлэлийг татаастай бараа, бүтээгдэхүүний импортоос хамгаалах арга хэмжээг дурдсан хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болов.