ОХУ-ын Санк-Петербург хотноо 6 дугаар сарын 2-5-ны өдөр болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт (ПОЭЗЧУ-2021)-ын хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн салбар дахь Монгол, Оросын олон улсын интеграци ба хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний хурал болов.
Тус хуралд монголын талаас ХХААХҮЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, “Монгол-Оросын Бизнес Зөвлөл” (РМДС) төрийн бус байгууллагын төлөөлөл, оросын талаас “Холбооны жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн корпораци”, БН Буриад Улсын Засгийн газар, Үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын яам, Холбооны жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн корпораци, Оросын 450 мянган жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гишүүнчлэл бүхий “Оросын тулгуур” төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтнууд мөн хил орчмын жижиг, дундын бизнес, хэвлэл мэдээллийн байгууллага, төр, хувийн хэвшлийн 20 орчим төлөөлөгчид оролцов.
Арга хэмжээнд ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Холбооны жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн корпорацийн Удирдах зөвлөлийн дарга, ерөнхий захирал А.И.Исаевич нар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, ОХУ-ын Холбооны жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн корпораци хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичигт гарын үсэг зурж, хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв.
Дугуй ширээний хурлын үеэр Монгол, Оросын жижиг, дунд үйлдвэрлэлийг харилцан ашиг, уялдаатай хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн нэмүү өртөгийн сүлжээг бий болгох хамтын ажиллагааг дэмжихэд хоёр талын хүчин чармайлт шаардлагатай байгааг талууд онцлов. Мөн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шинэлэг механизмыг бий болгох, монголын уламжлалт анагаах ухаан, эмчилгээний экспорт, аялал жуулчлалын салбарыг дэмжсэн дэд бүтцийг бий болгох төслийг хөхиүлэн дэмжих ёстойг тэмдэглэж, оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион бүтээсэн “Бизнес навигатор” аппликейшнийг Монгол Улсын бизнес эрхлэгчдэд хүлээлгэн өгч хамтарсан сургалт зохион байгуулах санал дэвшүүлэв.
“ПОЭЗЧУ-2021”-ийн хүрээнд болсон дугуй ширээний уулзалт Монгол, Оросын жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болов.