Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан ОХУ-ын их, дээд сургуулиудад Монгол судлал, олон улсын харилцаа, монгол хэлний орчуулагчийн мэргэжилээр суралцаж буй орос хэлтэн оюутнуудын дунд зарласан “Миний мэдэх Монгол орон, монгол хүн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болов. Ёслолын ажиллагаанд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар тус улсад айлчилж буй Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нар оролцож, уралдааны Тэргүүн болон нэг, хоёрдугаар, түүнчлэн шагналт байруудад шалгарсан оюутнуудад “Өргөмжлөл”, дагалдах шагналыг гардуулав.
Уралдааны Тэргүүн байранд “Миний мэдэх Монгол орон, монгол хүн” эсээ бичлэгийг туурвисан М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хоёрдугаар курсын оюутан Алексей Анисимов, “Найрамдлын зуун” бичлэгийг туурвисан ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн олон улсын харилцааны дээд (их) сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан Николай Колнобрицкий нар тус тус шалгарчээ.
Түүнчлэн, уралдааны Нэгдүгээр байранд Үндэсний судалгааны “Эдийн засгийн дээд” их сургуулийн нэгдүгээр курс оюутан Ульяна Махно, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн хоёрдугаар курсын оюутан Елизавета Павлова, Хоёрдугаар байранд Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн нэгдүгээр курсын оюутан Элистина Эрдниева, Артем Варицкий, Шагналт байранд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн хоёрдугаар курсын оюутан Вита Ветрова, Антон Александров, Үндэсний судалгааны “Эдийн засгийн дээд” их сургууль (ВШЭ)-ийн нэгдүгээр курсын оюутан Софья Козлова, Максим Гула, Анна Клементьева, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургуулийн дөрөвдүгээр курсын оюутан Борис Кушхов, Дмитрий Федин, Антон Александров, Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн нэгдүгээр курсын оюутан Гюнель Кулиева нар тус тус шалгарсан байна.
Шагнал гардуулсны дараа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үг хэлж, уралдаанд амжилттай оролцож шагналт байранд шалгарсан оюутнууд, тэдний багш нарт баяр хүргэж, цаашдын сурлага, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэв.
Ёслолын ажиллагааны дараа арга хэмжээнд хүрэлцэн багш, оюутнууд чөлөөт ярилцлага өрнүүлж, Монгол наадмын болон Монгол Улсын Архивын Ерөнхий газраас бэлтгэсэн хоёр орны харилцааны 100 жилийн түүхийн гол үйл явдлуудыг харуулсан баримтат киног тус тус үзэж сонирхов.