Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь монголчуудтай 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт хийв.
Уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж, хилийн чанад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал, Иргэдэд туслах сангийн үйл ажиллагаа, “Дэлхийн монголчууд-II” зорилтот хөтөлбөрийн талаар танилцуулга хийв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, Ковид-19 цар тахлыг богино хугацаанд даван туулах, хилийн чанадад буй иргэдээ эх оронд нь авчрах, цахим шилжилт, Е-Mongolia зэрэг тэдний сонирхсон асуудлаар тодорхой мэдээ, мэдээлэл өгөв.
Уулзалтад “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-ын тэргүүн А.Хосхүү, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар хилийн чанад дахь Монголчуудын холбоодын олон талт хамтын ажиллагаа, “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбоодын оруулсан хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой саналуудыг танилцуулав.
Энэхүү уулзалтад хилийн чанадаас 120 гаруй монгол иргэд, Монголчуудын холбоодын төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 150 гаруй төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр Чингис хааны музей байгуулахад хилийн чанадаас хуулбарлан авсан зарим үзмэрүүд, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан гаргасан түүхийн баримт, гэрэл зургийн цомхон үзэсгэлэнг ГХЯ-наас гарган үзүүлэв