Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайдад ажлын амжилт хүсээд Монгол, Туркийн харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Хоёр талын эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ хүрээнд хөдөө аж ахуй, түүний дотор арьс, шир боловсруулах, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, аялал жуулчлал, эдийн засгийн чөлөөт бүс зэрэг харилцан сонирхсон салбарт хамтарсан төслүүд хэрэгжүүлэхийн чухлыг сайд Б.Батцэцэг тэмдэглэв.
Уулзалтын үеэр цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, вакцинжуулалтын талаар санал солилцсоноос гадна НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Монгол, Туркийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг талууд хөндөж ярилцав.