Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ ОЛОН УЛСЫН АЖИГЛАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАХ ОЛОН УЛСЫН АЖИГЛАГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ирэх 6 дугаар сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Улаанбаатар хотноо ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сонгууль ажиглах тусгай багийн тэргүүн хатагтай Лолита Чигане тэргүүтэй сонгуулийн ажиглагчдыг хүлээн авч уулзав.

ТНБД Н.Анхбаяр сонгуулийн бэлтгэл, Ковид-19 цар тахлын үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах болон гадаад улсад оршин суугаа иргэдийн саналыг авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сонгууль ажиглах тусгай багийн гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Сонгууль ажиглах тусгай багийн тэргүүн Лолита Чигане цар тахлын энэхүү хүндрэлтэй цаг үед Монгол Улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлж, хөндлөнгийн олон улсын сонгуулийн ажиглагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах боломжоор хангаж байгаа явдалд талархлаа илэрхийлээд сонгууль ажиглах үйл явц албан ёсоор эхэлж байгааг зарласан байна. Талууд сонгууль ажиглах төлөвлөгөө болон анхаарах зарим асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

ЕАБХАБ-ын Сонгууль ажиглах тусгай багт Латви, Франц, Итали, Чех, Испани, АНУ, Польш зэрэг орны сонгуулийн ажиглагчид багтаж байна.