Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол, Чилийн компаниуд хоорондын бизнес уулзалтыг 2021 оны 5 дугаар сарын 27-нд зохион байгуулав. Монгол, Чилийн Гадаад хэргийн яамд, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан энэхүү цахим уулзалтад хоёр орны уул уурхай, хүнс, жимс, хөдөө аж ахуйн чиглэлийн 20 гаруй аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод оролцож, үйл ажиллагааны чиглэлийнхээ талаар мэдээлэл, танилцуулга хийв.
Уулзалтад хоёр улсын ГХЯ-дын чиглэлийн газрын удирдлага, мөн тус тусын улсад хавсран суугаа Элчин сайд нар оролцож, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх нөөц бололцоог ашиглахын чухлыг тэмдэглэв. Монгол, Чилийн бизнесийн анхдугаар уулзалт нь цаашид хоёр улсын хувийн хэвшил хооронд шууд холбоо тогтоох, шинэ түнштэй болох, сайн туршлага судлахад ач холбогдолтой боллоо. Улмаар манай улсын иргэд аялал жуулчлал, бизнесийн ажлаар Латин Америкийн ихэнх орон руу тухайлбал, Аргентин, Бразил, Куба, Уругвай, Чили, Эквадор луу визгүй зорчих болсон нь бас нэг томоохон боломж юм. Перу улс руу мөн удахгүй визгүй зорчиж эхэлнэ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Чили Улсын хооронд 1971 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.