Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Канад Улсын Элчин сайд Кэтрин Ивкоф, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Г.Мэй, ХБНГУ-ын Элчин сайд Ёорн Розенберг, ИБУИНХУ-ын Элчин сайд Филип Малоун нарыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Канад Улсын Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф тус улсаас санаачилж буй “Улс хоорондын харилцаанд дур зоргоор албадан саатуулах, баривчлах арга хэмжээг ашиглахын эсрэг тунхаглал” (Declaration Against the Use of Arbitrary Detention in State-to-State Relations)-ын талаар танилцуулж, сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ардчилал, эрх зүйт ёс, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх нь хоёр талын хамтын ажиллагааны үндэс суурь болохыг тэмдэглэж, цаашид хүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон талт механизмын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.