Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсад суугаа гадаадын Дипломат болон Олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын Тэргүүн нарыг ГХЯ-нд хүлээн авч, Монгол Улсын Засгийн газар 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулав. Арга хэмжээнд 25 ДТГ-ын Тэргүүн нар оролцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын дэвшүүлсэн “Цар тахлыг даван туулах”, “Эдийн засгаа сэргээх”, “Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо”, “Шударга ёс, цахим засаглал” гэсэн 4 томоохон зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон хүрсэн дүнгийн талаар ярьж, иргэдээ вакцинжуулах ажил, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний биелэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Энэ үеэр Монгол Улсад вакцин нийлүүлсэн ОХУ, БНХАУ, БНЭУ, мөн КОВАКС хөтөлбөрийн бүх донор улс, олон улсын байгууллагуудад чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ.
Арга хэмжээний төгсгөлд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Ковид-19”-тэй холбоотойгоор Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй хөл хорионы дэглэм, мөн цаашид гадаад руу зорчих хөдөлгөөнд тавигдсан хязгаарлалтыг үе шаттай цуцлах, олон улсын хуваарьт нислэг, аялал жуулчлалын салбарыг сэргээх, хил нээх, вакцинжуулалтын гэрчилгээ олгох зэрэг чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулж, вакцинжуулалтын гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрч иргэд зорчих нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг тэднээс хүсэв.