Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохЖЕНДЭРИЙН АСУУДЛААРХ МОНГОЛ УЛС ДАХЬ ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

ЖЕНДЭРИЙН АСУУДЛААРХ МОНГОЛ УЛС ДАХЬ ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭГЧДИЙН ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛОВ

Гадаад харилцааны яам, Жендэрийн үндэсний хороотой хамтран 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээг танилцуулах Монгол Улс дахь хөгжлийн түншлэгчдийн дөрөв дэх удаагийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, НҮБ болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс Тогтвортой Хөгжлийн Зорилго болон Бээжингийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зарчимд нийцүүлэн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хөхиүлэн дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах, тэднийг чадавхжуулах чиглэлээр тууштай ажиллаж ирснийг тэмдэглээд гадаад харилцааны салбарт жендэрийн асуудлаар баримталж буй бодлогын талаар танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдын жендэрийн асуудал хариуцсан зөвлөх Л.Цэдэвсүрэн манлайллын түвшинд эмэгтэйчүүд оролцсоноороо авилгын индекс, ажилгүйдэл, хүчирхийлэл, гэмт хэргийн гаралт буурдаг гээд Засгийн газраас шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, цаашлаад томоохон төслүүдэд оролцох ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх бодлого барьж буйг тэмдэглэв.

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр тус хорооноос 2021 оны эхний улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар танилцуулаад, олон улсын байгууллагуудад хандаж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд үнэлгээнд өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.

Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг болон “Эм Эм Си Жи” хамтран гүйцэтгэсэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээгээр ойлголт мэдлэг, идэвх санаачилга дутмаг, жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх хандлага, чадавх сул байгаа зэрэг саад бэрхшээлийн улмаас хуулийн хэрэгжилт дундаас доогуур байгааг онцлов.