Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 77 ДУГААР ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА НҮБ-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН КОМИССЫН 77 ДУГААР ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

НҮБ-ын Ази, Номхон Далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулган 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Бангкок хотноо нээлтээ хийв. Цар тахлын улмаас цахим хэлбэрээр болж буй энэ удаагийн чуулган нь “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хямралыг даван туулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй бөгөөд тус сэдвийн хүрээнд “Нийгмийн хамгааллын тогтолцоог өргөжүүлэх”; “Тогтвортой эдийн засгийг сэргээн босгоход хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх”; “Харилцаа холбоог бэхжүүлж, нийлүүлэлтийн гинжин холбоог өргөжүүлэх”; “Байгаль орчны хамгааллыг сайжруулах” зэрэг үндсэн дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эдгээр хэлэлцүүлгийн дараа Ази, Номхон далайн бүс нутаг дахь цар тахлын нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийн талаар төлөөлөгчид дүгнэлт өгч, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хямралаас хэрхэн гарах арга зам, бодлогын асуудлаар зөвлөмж гаргана.

Чуулганы эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Исламын Бүгд Найрамдах Афганистаны Улсын Ерөнхийлөгч Мохаммад Ашраф Гхани, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Давид Кабуа зэрэг найман улсын Төрийн тэргүүн, мөн Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Имран Хаан, Бутаны Хаант Улсын Ерөнхий сайд Лотай Цэрэнг зэрэг арван улсын Ерөнхий сайд үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы төлөөлөгчдөд хандаж хэлсэн үгэндээ цар тахлын улмаас үүссэн хямралыг амжилттай даван туулж, эдийн засгаа сэргээх явцыг хүн төвтэй хөгжлийн бодлоготой уялдуулж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх гаргалгааг том зургаар авч үзэхийн чухлыг онцлов. Тэрээр цаашид хөгжиж байгаа болон хөгжингүй улсын ялгаа улам холдож, өрийн хэмжээ улам нэмэгдэх төлөвтэй байгааг тэмдэглэж, тогтвортой хөгжил, тээврийн харилцаа, шударга нийгмийн тогтолцоо, хүртээмжтэй эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ зэрэг асуудлыг шийдвэрлэх нь удаашрах, саарах хандлагатай болж байгааг хэлсэн үгэндээ онцолсон байна. Мөн далайд гарцгүй Монгол Улсын хувьд дэд бүтэц, эрчим хүч, тээвэр нь хөгжлийн тулгуур гэдгийг тэмдэглэж, Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний зохистой хэрэглээ, хуваарилалтыг шийдэх эрчим хүчний супер сүлжээ байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг дэвшүүлээд байгаагаа тус тус дурдсан болно. Чуулганд НҮБ-ын ЕНБД Антонио Гуттериш мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ “КОВИД-19 цар тахлын улмаас үүссэн эрүүл мэндийн хямралыг даван туулахад вакцинжуулалт эергээр нөлөөлж, олон улсын Ковакс хөтөлбөр үр дүнгээ өгч эхэлж байгаа хэдий ч вакциныг дэлхий нийтэд хүртээмжтэй болгоход бэрхшээл тулгарсаар байгааг тэмдэглэв. Харин НҮБ-ын Ази, Номхон Далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана чуулганы үеэр тавьсан бодлогын илтгэлдээ зөвхөн олон талт хамтын ажиллагааны хүчин чармайлтаар цар тахлын улмаас үүссэн хямралыг даван туулах талаар дурдаж, гишүүн улс бүр эдийн засгаа сэргээх үйл явцдаа эрүүл мэнд, санхүү, нийгмийн хамгаалал болон байгаль орчны хамгааллын бодлогыг цогцоор нь авч үзэхийн чухлыг дурдсан байна.