Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Женев дэх Элчин сайд нарын уулзалтыг удирдан зохион байгуулав.
Уулзалтаар ирэх 10 дугаар сарын 3-8-ны өдөр болох НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын 15 дугаар чуулган мөн 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 3-ны өдөр болох Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын 12 дугаар бага хурлын үеэр тус тус Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нарын түвшний уулзалтыг зохион байгуулах асуудлаар санал солилцов. Өдгөө далайд гарцгүй 50 орчим улс байгаагийн 32 нь далайд гарцгүй хөгжиж буй улс ба түүнээс 26 нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн юм. Монгол Улс 2020-2021 онд далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Женев дэх зохицуулагчаар сонгогдон ажиллаж байна. Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын тухайд далайн боомтоос хол оршдог, олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны зардал өндөр, транзит улсаас хамаарал ихтэй зэрэг олон тулгамдсан асуудалтай бөгөөд олон улсын худалдаанд тэдний эзлэх хувь дөнгөж 1 хувь болно.
Элчин сайд Л.Пүрэвсүрэн дээрх уулзалтаар Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орохыг далайд гарцгүй хөгжиж буй бусад улсад уриалав. 2010 онд баталж, 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж буй тус хэлэлцээрт өдгөө далайд гарцгүй хөгжиж буй 14 улс нэгдсэн.