Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ҮНЭЛЭМЖ” ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

“МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ҮНЭЛЭМЖ” ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас 2016 онд баталсан “Монгол Улсыг гадаадад сурталчлах” хөтөлбөр 2020 дуусгавар болсонтой холбогдуулан уг хөтөлбөрийн үргэлжлэл болох “Монгол Үндэстний үнэлэмж” цогц арга хэмжээний төслийг боловсруулж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг тусган үүгээр танилцуулж байна. Цогц арга хэмжээний төсөлтэй танилцаж 2021 оны 4 сарын 30-ны дотор саналаа өгнө үү. Саналыг dep11@mfa.gov.mn хаягаар ирүүлнэ. Цогц арга хэмжээний төслийн талаар Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын 261939 утсаар холбогдоно уу.

 

 

 “МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ҮНЭЛЭМЖ” ГАДААД СУРТАЛЧИЛГААНЫ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ

 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж, хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн”, 3.1.4.6-д “Дэлхийн бусад орон, түүний дотор гуравдагч хөрш орнуудтай соёлын салбарт өргөн харилцаа хөгжүүлж, дипломат төлөөлөл, иргэдээрээ дамжуулан монгол үндэстний соёл, түүхийг дэлхий дахинаа сурталчлах ажлыг эрчимжүүлнэ”.

1.2. УИХ-ын 2011 оны 10 дугаар тогтоолоор баталсан Гадаад бодлогын үзэл баримтлалын 24-т “Соёл хүмүүнлэгийн гадаад харилцааны бодлогын зорилго нь  үндэсний соёл иргэншил, өвөрмөц өв уламжлалаа дэлхийн соёлын нийтлэг ололттой хослуулан хөгжүүлэх, түүх, соёлын үнэт зүйлээ хамгаалах, сэргээх, түүхэн шалтгаанаар гадаадад гарсан эд өлгийн зүйлийг сурвалжлан олоход чиглэсэн хамтын ажиллагаа хөгжүүлэх, нийгэм, хүмүүнлэгийн салбарын шууд харилцаанд тус дөхөм үзүүлэх явдал мөн”, 29.1-д “Монгол Улсын түүх, соёлын уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт амжилтыг гадаадад сурталчлах үйл ажиллагааг идэвхижүүлэх, гадаад сурталчилгааны бүтэц бий болгохыг дэмжих”, 29.2-т “Монголын түүх,  байгаль, зан заншил, ахуй амьдрал, хөгжил дэвшлийг харуулсан сурталчилгааны ном товхимол, нэвтрүүлэг, кино, цомог зэргийг бэлтгэн бусад улс түмэнд түгээх, сурталчлах”, 29.7-д “гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогыг хэрэгжүүлэхэд ардын болон соёлын дипломатын арга хэлбэрийг хэрэглэх” гэж заасан.

1.3. Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын 2.1.4. дахь зорилт нь “Үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг  өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах” гэж заасан.

1.4. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын 1.5 дахь зорилт нь “Дэлхий дахинд монгол үндэсний үнэт зүйлсийн дархлаа тогтож, монгол соёлыг түгээн дэлгэрүүлж, гадаад нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлж, хилийн чанад дахь монголчууд, монгол угсаатны хамтын ажиллагаа төлөвшинө” гэж заасан.

1.5. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.10-д “Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ олон улсад сурталчлах, таниулах “Монгол Үндэстний үнэлэмж” арга хэмжээг төлөвлөн боловсруулж хэрэгжүүлэх” гэж заасан. Энэхүү цогц арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэхээр баталсан “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн үргэлжлэл юм.

Хоёр. Зорилго, зорилтууд

 2.1 Цогц арга хэмжээний зорилго нь Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, үнэт зүйлсээ олон улсад сурталчлах, таниулахад оршиж байгаа бөгөөд гадаад сурталчилгаа, соёлын харилцаа, хамтын ажиллагааны нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгох, өв соёлоороо дамжуулан Монгол Улсын нэр хүндийг олон улсад дээшлүүлэх, үндэсний хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, сайжруулах, хилийн чанад дахь монгол соёлын өвийг олж тогтоох, хамгаалах тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ.

2.2 Цогц арга хэмжээний хүрээнд дараах зорилтыг дэвшүүлнэ:

 2.2.1 Монгол үндэстний үнэт зүйлс, Монгол Улсын түүх, биет болон биет бус соёлын өв, уламжлалт болон орчин үеийн соёл, урлаг, оюуны болон дижитал бүтээл, спортын амжилтыг дэлхийн хэмжээнд сурталчилна;

2.2.2 “Монгол үндэстэн” брэндийг тодорхойлж, үндэсний онцлогтой бараа бүтээгдэхүүн, оюуны болон дижитал бүтээлийг олон улсын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлнэ;

2.2.3 Монгол судлалын хүрээг тэлнэ, дэлхийд тархсан монгол өв, дурсгалыг хамгаална;

2.2.4 Хилийн чанадад Монголын соёл, мэдээллийн төв байгуулж, үйл ажиллагааг нь дэмжинэ;

2.2.5 Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, мега төсөл, хөтөлбөрийг хилийн чанадад танилцуулж, хөрөнгө оруулагч, хамтран хэрэгжүүлэгч олоход дэмжлэг үзүүлнэ;

2.2.6 Худалдаа, эдийн засгийн гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжинэ.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ гадаад харилцааны “нэг цонхны” зарчмыг баримталж, хоёр болон олон талт харилцааны онцлогтой уялдуулж, олон нийтэд нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулна.

 Гурав. Хэрэгжүүлэх арга хэмжээ

 3.1. Монгол үндэстний үнэт зүйлс, Монгол Улсын түүх, биет болон биет бус соёлын өв, уламжлалт болон орчин үеийн соёл, урлаг, оюуны болон дижитал бүтээл, спортын амжилтыг дэлхийн хэмжээнд сурталчлах зорилтын хүрээнд:

3.1.1 үндэсний түүх, хэл бичиг, өв соёл, урлаг, шашин, гүн ухаан, оюуны хөгжлийн амжилт бүтээлээ хилийн чанадад таниулан сурталчлах арга хэмжээг дангаар болон хамтран хэрэгжүүлнэ;

3.1.2 олон улсын хэмжээний онцгой үйл явдал, олимп, тэмдэглэлт ой, дипломат харилцааны тэгш ойн хүрээнд тусгай хөтөлбөрийн дагуу үзэсгэлэн гаргаж, соёл урлагийн тоглолт, бэсрэг наадам, өдөрлөг зэрэг хамтарсан арга хэмжээ зохион байгуулна;

3.1.3 олон улсын өндөр зэрэглэлийн соёл, урлаг, спортын наадам, фестиваль, чуулган, үзэсгэлэн, уралдаан, тэмцээнд оролцоно.

3.2. “Монгол үндэстэн” брэндийг тодорхойлж, үндэсний онцлогтой бараа бүтээгдэхүүн, оюуны болон дижитал бүтээлийг сурталчилж, олон улсын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд:

3.2.1 “Монгол үндэстэн” брэндийг тодорхойлж хөгжүүлэх, сурталчлах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулж гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллана, мөн хилийн чанад дахь ДТГ-уудаар олон улсад сурталчилна;

3.2.2 Монголд элэгтэй, соёлын харилцаа хөгжүүлэх эрмэлзэлтэй, нэр хүндтэй гадаадын болон өөрийн иргэнийг Монгол Улсын соёлын элчээр томилон ажиллуулж, соёлын элчийн инститүцийн үйл ажиллагааг бэхжүүлнэ, Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах үйл ажиллагаанд соёлын элч нарыг оролцуулна;

3.2.3 Монгол өв соёл, онцлогийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Мөсний баяр, Адууны баяр” зэрэг арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

3.3. Монгол судлалын хүрээг тэлнэ, дэлхийд тархсан монгол өв, дурсгалыг хамгаалах зорилтын хүрээнд:

3.3.1 Монгол судлалыг хөгжүүлж, хүрээг тэлэх зорилгоор бүсийн болон олон улсын хурал, семинар зохион байгуулж, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг түгээж сурталчилна, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ;

3.3.2 хилийн чанад дахь монгол судлалын төвүүдэд монгол хэл бичиг, түүхийн багш мэргэжилтнүүдийг илгээн ажиллуулна;

3.3.3 Монгол судлаач эрдэмтдийн залуу халааг бэлтгэх, тоог нэмэгдүүлэх зорилгоор тэдэнд зориулсан зуны сургалт, судалгааны аялал зохион байгуулна, судалгааны ажил, эрдмийн бүтээлийг нь олон улсад нийтэлж түгээхэд дэмжлэг үзүүлнэ.

3.4. Хилийн чанадад Монголын соёл, мэдээллийн төв байгуулж, үйл ажиллагааг нь дэмжих зорилтын хүрээнд:

3.4.1 Монголын худалдаа, эдийн засаг, соёл, мэдээллийн төв байгуулж, мэдээлэл, сурталчилгааны материал, аудио, видео, дижитал бүтээгдэхүүнээр хангана;

3.4.2 Монголын төрт ёсны түүх, өв соёл, нүүдлийн болон орчин үеийн соёл иргэншил, хөгжил, дэвшлийг харуулсан түүхэн эх сурвалж, археологи, палентеологийн олдвор, дурсгал, эд өлгийн зүйлс бүхий үзмэртэй үндэсний хөдөлгөөнт үзэсгэлэн байгуулж дэлхийд аялан толилуулна;

3.4.3 хилийн чанадад хадгалагдаж буй монголын түүхийн өв санд хамаарах эх сурвалж, хөшөө дурсгал, барилга байгууламж, эд өлгийн зүйлсийг судлан тогтоож, бүртгэлжүүлж, хамгаалалтад оролцож, шаардлагатай тохиолдолд хуулбарлан авна.

3.5. Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, мега төсөл, хөтөлбөрийг хилийн чанадад танилцуулж, хөрөнгө оруулагч, хамтран хэрэгжүүлэгч олоход дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд:

3.5.1 олон улсын хэвлэл мэдээллийн томоохон агентлаг, судалгааны байгууллага, хүрээлэнтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ.

3.6. Худалдаа, эдийн засгийн гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих зорилтын хүрээнд:

3.6.1 дэлхийн болон бүс нутгийн худалдаа, эдийн засгийн томоохон форум, хурал, яармагийн үеэр үндэсний онцлогтой бараа бүтээгдэхүүн сурталчилж, экспортыг дэмжих, мөн хөрөнгө оруулалт татахад туслалцаа үзүүлнэ;

3.6.2 олон улсын аялал жуулчлалын төрөлжсөн үзэсгэлэн яармагт тогтмол оролцож, мэдээлэл, сурталчилгааны тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ;

3.6.3 соёлын өвийн сэргээн засварлагч бэлтгэх, соёл, урлагийн салбарын нарийн мэргэжилтэн дадлагжуулах, соёлын үйлдвэрлэл, үйлчилгээ, анимэйшн, дижитал болон дэлгэцийн урлагийн салбарт шинэ мэдлэг, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлнэ.

 Дөрөв. Удирдлага, зохион байгуулалт

 4.1. Цогц арга хэмжээг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөл ажиллана. Зөвлөлийн дарга нь гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

4.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Зөвлөлийн даргын тушаалаар батална. Зөвлөл нь гадаад харилцаа, соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, спорт болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, нэгжийн дарга болон хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын төлөөллөөс бүрдэнэ.

4.3. Зөвлөл нь цогц арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр боловсруулж, Зөвлөлийн даргаар батлуулна.

4.4. Цогц арга хэмжээний хэрэгжилтийг Зөвлөл хариуцан зохион байгуулж, явц, үр дүнг Засгийн газарт хагас жил тутам танилцуулна.

4.5. Зөвлөл нь судалгаа, тайлан гаргах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий цахим мэдээллийн системтэй байна.

 Тав. Санхүүжилтийн эх үүсвэр

 5.1. Цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд 9 тэрбум 350 сая төгрөг шаардагдана:

5.2. Цогц арга хэмжээг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

5.2.1 улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

5.2.2 хандивлагч улс, олон улсын байгууллагын тусламжийн хөрөнгө;

5.2.3 хувийн хэвшлийн хандив, тусламжийн хөрөнгө;

5.2.4 бусад.

5.3. Улсын төсвөөс шаардагдах санхүүжилтийг жил бүр тооцож, тухайн жилийн төсөвт тусган батлуулна. Санхүүгийн зарцуулалтын тайлан шилэн хэлбэрээр олон нийтэд нээлттэй байна.

 Зургаа. Шалгуур үзүүлэлт

6.1. Цогц арга хэмжээний хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:

6.1.1 Монгол Улсын гадаад нэр хүнд, монгол үндэстний үнэлэмж дээшилсэн байдал;

6.1.2 хилийн чанадад зохион байгуулсан болон оролцсон соёл, урлагийн арга хэмжээ, үзэсгэлэнгийн тоо, тэдгээрт оролцсон, үзэж сонирхсон иргэдийн тоо;

6.1.3 монгол судлалын хурал, арга хэмжээ, төвүүд, судлаачдын тоо, чанарын өсөлт;

6.1.4 Монголын соёл, мэдээллийн төвийн тоо, үйл ажиллагааны цар хүрээ;

6.1.5 гадаадаас ирсэн жуулчдын тоо;

6.1.6 сурталчилсан брэндийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ  экспортын өсөлт, энэ салбарын аж ахуйн нэгжийн тоо;

6.1.7 аялал жуучлал, үндэсний брэндийн салбарт шинээр бий болсон ажлын байрны тоо;

6.1.8 оролцсон спорт, урлагийн наадам, уралдаан, тэмцээний тоо, авсан байр, шагнал, медаль.

6.2. Зорилтот үзүүлэлтүүдийг Зөвлөл жил бүр тогтоож үнэлнэ.

Долоо. Хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ

7.1. Цогц арга хэмжээний хэрэгжилтийг зорилт, үйл ажиллагааны үр дүн, шалгуур үзүүлэлт, зорилтот үзүүлэлтээр үнэлнэ.

7.2. Цогц арга хэмжээний хэрэгжилтэд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр аудит, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийнэ.

—оОо—