Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНАЛАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд Итгэмжлэх жуух бичгийн хувийг Дэд сайд Б.Мөнхжинд гардуулж тэрбээр БНАЛАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын үүрэгт ажилдаа орлоо.
Дэд сайд Б.Мөнхжин Элчин сайд Пэнгсаван Гээвбасөд-ийг Монгол Улсад тавтай морилохыг хүсэж үүрэгт ажлаа хэрэгжүүлэхэд нь Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн, Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь уламжлалт түнш БНАЛАУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг онцолж, цаашид Монгол, Лаосын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв.