Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана-тай цахим уулзалт хийв.
Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутагт тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх, ялангуяа Ковид-19 цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийг сэргээх чиглэлд чухал үүрэг гүйцэтгэж байгааг сайд Б.Батцэцэг онцолж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цар тахлын сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
НҮБ-ын АНДЭЗНК-оос хэрэгжүүлж буй Эмэгтэйчүүдийн аж ахуй эрхлэлтийг сэргээх сан байгуулж бизнесийн шинэлэг шийдлийг дэмжих, үйлдвэрлэл эрхэлж буй эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлийг арилгахад чиглэсэн санаачлагуудыг сайшааж байгаагаа илэрхийлэн, ийм чиглэлийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхийг сайд Б.Батцэцэг хүсэлт болгов.
Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь баяр хүргэхийн сацуу Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс дахь Монгол Улсын оролцоог өндрөөр үнэлдгээ онцлон тэмдэглэж, цар тахлын улмаас үүсээд буй хүндрэл, бэрхшээлүүдийг даван туулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Тэрбээр Монгол Улс “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээр”-т 2021 онд нэгдэн орно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд цаашид худалдааг хөнгөвчлөх, ачаа тээврийн нөхцөлийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.